Өнөөдөр ”Туурайн төвөргөөн” хөгжмийн наадам нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

“Туурайн төвөргөөн 2012” шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадам энэ сарын 18-30-ны хооронд зохиогдох юм. Энэ удаагийн наадмын нээлт өнөөдөр Монголын түүхийн музейд болно. Монголын шинэ хөгжмийн ассосиациас санаачлан жил бүр зохиодог уг наадам Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай аймгуудад зохиогдоно.

Энэхүү хөгжмийн их наадам нь 1999 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчид, уран бүтээлчдийг наадамдаа урьж оролцуулжээ. Энэ жилийн их наадамд ХБНГУ, Швейцарь, Австри, Бразиль, АНУ, Франц зэрэг найман орны төлөөлөгчид оролцох аж.

Тоглолтонд СУИС-ийн Монгол хөөмэйн ангийн “Угсаатан”, “Тэнгэр” болон хөгжим бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн хамтлаг, “Саран хөхөө” театрын хамт олон оролцоно. Энэ сарын 30-ны өдөр наадамд оролцсон уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хаалтын тоглолтоо хийх юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top