Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эхнээсээ ашиглалтанд орж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18
 Хорин хоёр төрлийн 94 мянга гаруй мод, буттай, зүлэг, цэцэгтэй, усан оргилуур, хүүхдийн тоглоомын тал байтай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” эзгүй тал дээр амилан босож, нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс байгуулах төлөвлөгөө бодит ажил хэрэг болж байна.
 Хотын хог хийсэн очдог, хоосон газар хайсан барилгынхны нүдэнд л өртөж байсан эзгүй газарт өдгөө цоо шинэ цэцэрлэгт хүрээлэн босож, ус оргилж, мод бут урган, цэцэглэж байна. Бүрэн ашиглалтад орох үедээ 1280 га талбайг хамрах энэ хүрээлэнгийн эхний ээлжийн 55 га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна гэсэн тооцоог өнгөрсөн хавар гаргажээ. Түүнээс хойш дахиад 6.0 га-г зүлэгжүүлж, мод суулгасан байна. Тэгэхээр хотын маань амьд байгалийн дөрөвний нэгийг эзлэх ногоон орчин тэнд бүрэлдсэн гэсэн үг юм. Өчигдөр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үзэмжит сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн нээлт болов. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг тэргүүтэй албаны хүмүүс, энэхүү төслийг санаачлагч Г.Мөнхбаяр, гардан хэрэгжүүлэгч Б.Саранчимэг, хамтран ажиллаж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл болох Сөүл хотын төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцов. Сүхбаатарын талбайгаас 2.1 км зайтай, Туул голын хөвөөнд орших тус хүрээлэнд эхний ээлжинд 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун төв талбай, зам байгуулжээ. Төв замын хажуугаар лэд гэрэл, түшлэгт сандал байрлуулж, гацуур тэргүүтэн моддыг ургуулан, тойруулаад өнгө өнгийн цэцэг тарьсан нь нүд булааж байв. Талбайн голд 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог, усан оргилуур ашиглалтад орлоо.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top