Түлэнхийн төвийн барилга 1954 онд анх ашиглалтанд орж байжээ. Түүнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийн байр бага багаар нурж, мөөгөнцөрт идэгдэн хуучирсан. Тиймээс Түлэнхийн төвийн барилгыг нураан шинээр барих ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан өвчтнүүдээ ГССҮТ-д шилжүүлжээ. Үүнээс болж ГССҮТ ачааллаа дийлэхээ больж нэг өрөөнд өвчтөн сахиур нийлсэн 15 гаруй хүн шахцалдан байхын зэрэгцээ өвчтнүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж байна. Журам ёсоороо бол нэг өрөөнд 4 өвчтөн сахиуртайгаа хэвтэх ёстой. Гэтэл ГССҮТ-д энэ журам алдагдсанаар үл барам эмнэлгийн ариун цэврийг сахиж байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь ЭМЯ Түлэнхийн төвийг тавдугаар сард нүүлгэхдээ “Шинэ гэмтлийн эмнэлгийн аркны хажууд тусгай төв нээгээд өвчтнүүдээ хүлээн авна” гэж байсан ч өнөөдөр байдал эсрэгээрээ байна. Одоогийн байдлаар ГССҮТ зөвхөн хүнд өвчтнүүдээ хүлээн авч хэвтүүлж байгаа бөгөөд хөнгөн өвчтнүүддээ гэртээ хэрхэн арчилж эмчилгээ хийх талаар зөвлөгөө өгөөд явуулж байгаа аж.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )