Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх улирлын түр зөвшөөрөлтэй үйлчилгээний 19 газарт уртасгасан цагаар ажиллах зөвшөөрөл олгожээ.
Учир нь Лондоны зуны олимп, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүдээс үйлчилгээний газруудыг уртасгасан цагийн хуваариар ажиллуулахыг удаа дараа хүссэн байна.
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах нэвтрүүлэг нь манай улсад шөнийн 02.00 цагаас хойш таарч байгаа. Тиймээс иргэд төдийгүй жуулчдад тэмцээн үзэх боломж олгож, тэндээс олох орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой ийм шийдвэр гаргажээ.
Ингэснээр энэ сарын 8-наас долдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд явагдах Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах ”Евро-2012” тэмцээний үеэр зарим аж ахуйн нэгж 00-05 цагт үйлчилгээ явуулах юм байна. Харин нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний бусад газрууд ердийн цагийн хуваариар ажиллана.
М.НАРАН
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )