Сүүлийн үед УИХ, НИТХ-ын сонгуульд сонгогчдыг давхардуулж санал өгүүлж, сонгууль будлиантуулах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Мөн улсын бүртгэлийн байгууллага аль нэг намд үйлчилж байна гэсэн ташаа мэдээллүүд ч гарах болов. Үүнийг үгүйсгэж өнөөдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр, Ц.Батдэмбэрэл, Д.Бат-Очир, Д.Энхболд, Д.Ариунсайхан нар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд УИХ, НИТХ-ын энэ жилийн сонгуульд санал өгөх иргэн ямар нэгэн байдлаар сонгуулийн аль нэг хэсгийн хороонд давхардах нөхцөл байхгүй болохыг мэдэгдэж буйгаа хэллээ. Бүртгэлийн байгууллага нь иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэдийнхээ давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, дижитал зураг, овог нэр, регистрийн дугаар, хаяг, иргэний үнэмлэхний дугаар зэрэг текстэн мэдээллийн сан бүрдүүлсэн. Мөн нийт хэсгийн 1906 хороонд байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг программаар шалган давхардлыг арилгасан гэдгээ хурлын үеэр онцолсон юм.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнгөрсөн сарын 3-нд СЕХ-нд гаргаж өгсөн байна. Одоо энэ сарын 24-нд гуравнаас хойших хугацаанд орсон өөрчлөлттэй жагсаалтыг гаргаж өгнө. Энэхүү өөрчлөлтөд нас барсан, овог нэр регистр солигдсон, гадаадад сонгууль өгсөн, иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр хаягийн өөрчлөлт хийсэн зэрэг багтаж байгаа юм. Иргэдийн санал хүсэлтийг хянан үзэхэд тухайн хаяган дээр иргэн нэмэгдсэн, байр хашаагаа зараад явсан боловч шилжүүлгээ хийлгээгүй, эсвэл тодорхой хугацаанд тухайн байр, хашаагаа зарсан байдаг байна.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн актуудад “Иргэн засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор тухайн хорооноос хасалт хийлгүүлнэ. Түүнчлэн шинээр суух хороондоо бүртгүүлж, иргэний үнэмлэхтээ тэмдэглэгээ хийлгүүлэх үүрэгтэй" ажээ.
Харин бүртгэлийн байгуулага нь иргэн өөрөө хүсэлтээ гаргаж өгөөгүй бол иргэний хаягийн бүртгэлээс шууд дур мэдэн хасах боломжгүй юм байна. Тиймээс иргэний үнэмлэхний хаягаар нэг ч хүн үлдээж иргэний сонгох эрхийг хаахгүйн тулд давхардуулалгүйгээр сонгогчдын нэрийн жагсаалтад оруулжээ.
Сонгуулийн өдөр тухайн хэсгийн хороонд санал өгөхөөр нэрийн жагсаалтад орсон иргэдийн иргэний шинэчилсэн бүртгэлд оруулахдаа авсан бүх мэдээлэл бий. Тухайлбал, иргэн хурууны хээ өгөхөд зураг болон бүх мэдээлэл хоёр секундэд гарч ирнэ. Ингэснээр бүртгэлийн гурван хувь талон хэвлэх ба нэгийг нь бүртгэлийн ажилтан, хоёр дахийг нь саналын хуудас гарын үсэг зуруулан олгох хэсгийн хорооны ажилтан, нөгөөг нь иргэн өөрөө авах аж. Харин иргэн дахин санал өгөхийг оролдвол "Та бүртгэлд орсон" гэсэн мэдээлэл гарч ирэх бөгөөд талон хэвлэгдэн гарахгүй юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )