Өнөөдөр УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Ч.Чанлуулодой нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
УБЕГ-ын дарга Л.Амарсанаа албан тушаалаа хүлээж аваад удаагүй байхдаа УБЕГ-ын 165 ажилтан албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд долоо хоногийн дараа буцааж ажилд нь авсан байна. Гэтэл буцаан ажилд авсан хүмүүсээс Д.Энхцэцэг, Ч.Чанлуулодой гэсэн хоёр хүнийг орхигдуулжээ. Иймд эдгээр хүмүүс шүүхэд хандсан юм.
Харин шүүхээс энэ сарын 6-нд Д.Энхцэцэг, Ч.Чанлуулодой нарыг ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоож, буцаан албан тушаалд нь томилохыг үүрэг болгожээ. Гэтэл Л.Амарсанаа шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан. Энэхүү тогтоол нь давж заалдах боломжгүй эцсийн шийдвэр гэдгийг шүүхийн тогтоолд дурдсан ч Л.Амарсанаа дарга одоо хүртэл ямар нэгэн арга хэмжээ авсангүй гэж нэхэмжлэгчид хэлсэн юм.
Тэд хэлэхдээ: “Л.Амарсанаа дарга энэ оны хоёрдугаар сарын 1-нд УБЕГ-т томилогдож ирсэн. Бидэнд ямар нэгэн хариуцлагын алдаа гаргасан зүйл байгаагүй. Иргэний шинэчилсэн бүртгэлийг үр дүнтэй сайн зохион байгуулсан гэж дүгнэсэн" гэжээ.
Мөн хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Иргэд шинэ болон хуучин үнэмлэхийнхээ аль байгаагаар сонгуульд оролцох учиртай. Гэтэл 28 мянган цахим үнэмлэхийг хууль бусаар хэвлэсэн тухай мэдээлэл гараад байгаа. Энэ бүхэн УБЕГ-ын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүссэн болохыг Д.Энхцэцэг, Ч.Чанлуулодой нар хэлсэн юм. Иймд сонгуулийг будлиангүй явуулах гол ажил нь иргэний бүртгэл. Харин иргэний бүртгэл хариуцаж байгаа байгууллага тэр тусмаа УБЕГ-ын удирдлага Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах ёстой гэж хэллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )