Монголын эмэгтэй зураачид Вьетнам улсад болох олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнд оролцох гэж байна. Уг үзэсгэлэнд Ц.Энхтуяа, Д.Соёлмаа, В.Ундраа Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Б.Насанцэнгэл, Г.Оюун, Т.Нурмаажав, Д.Булгантуяа, Э.Билэгт зэрэг зураачид оролцох бөгөөд эдгээр уран бүтээлчид маргааш Вьетнам руу явна.
Энэхүү арга хэмжээг дэлхийн эмэгтэй зураачдын холбооноос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг аж. Үүний өмнө 2010 онд Америкийн Ориган мужийн Портландад зохиогдсон үзэсгэлэнд Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Б.Насанцэнгэл нар эх орноо төлөөлөн оролцжээ. Орон орны уран бүтээлчид "Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр" сэдвийн дор явагдах үзэсгэлэнд энэ сэдвээр илтгэл тавих юм. Үзэсгэлэнд хүн бүр нэг л бүтээлээр оролцоно. Бүтээлд нь бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аяс, аливаа улсын соёл зан заншил болон үндэстэн ястан руу давшилсан санаа байхыг хориглодог аж.
Энэхүү үзэсгэлэн нь дэлхий дахины эмэгтэй уран бүтээлчдийг танилцуулах, уран бүтээлийн талаар санал солилцохыг нь дэмжих зорилготой аж. Эмэгтэй уран бүтээлчдийн холбоонд 20 гаруй орны уран бүтээлчид нэгджээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )