Гахайн хавдрын өвчлөл буурахгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 18

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 636 тохиолдол бүртгэгдсэнээс 438 нь гахай хавдар, 68 салхин цэцэг, 67 улаанууд байна.

2012 оны 23 дах долоо хоногт улсын хэмжээнд халдварт өвчний хам шинж, сэжигтэй нийт 149 тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 86 тохиолдлоор буурсан байна. Энэ 7 хоногт цочмог шарлалттай өвчний хам шинж 40, цочмог халууралт, тууралттай өвчний хам шинж 36, цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хам шинж 33, цочмог цусархаг суулгалтын хам шинж 16, цочмог усархаг суулгалт 7, амьсгалын доод замын цочмог халдварын хам шинж 11 тохиолдол, мэдрэлийн цочмог хам шинж 2, цочмог цусархаг хам шинж 1, ЭШХ сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэв.
2012 оны 23 дугаар долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 20 аймаг) 127.597 хүн амбулаториор үйлчлүүлсний 4.443 (3.5%) нь ТТӨ-тэй, Улаанбаатар хотод 61.841 хүн амбулаториор үйлчлүүлсний 2.124 (3.4%) нь ТТӨ-тэй, 20 аймгийн амбулаторийн нийт үзлэгт дунджаар ТТӨ 3.5%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.4%-иар бага, өнгөрсөн оны мөн үеийн түвшинд  байна.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 560 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас гахай хавдар 249, сүрьеэ 188, шар 61, салхин цэцэг 22, цусан суулга 17 байна.

ДОХ/БЗДХ-ын тандалтын албанд 551 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-ын 60 өвчлөл ирэрч эмчилгээ хяналтанд орлоо. ХДХВ-ын халдварын 110 дахь тохиолдол илэрч, онош батлагдсан байна. Шинээр илэрсэн хүн нь 25-29 насны эрэгтэй, эрхэлсэн ажилгүй. Одоогоор биеийн байдал нь хэвийн, ХДХВ-ын халдвар тээгч үе шатандаа байгаа бөгөөд эмнэлгийн хяналтанд орсон, тандалт судалгаа хийгдэж  байна.  

Сүрьеэгийн тандалт судалгааны албаар 105 хүн үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн 13 тохиолдол илэрч эмчилгээнд орлоо.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгоны хавцал” гэдэг газар зусаж байгаа Дархан-Уул аймгийн харьяат малчин Даваасамбуугийн хотонд галзуу өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын захирамжаар 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Халдварт өвчний ойрын үеийн төлөв байдлаас харахад хүмүүс гахай хавдар, улаанууд, гэдэсний халдвар, сүрьеэ, галзуу, БЗДХ, ХДХВ-ын халдвараас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top