Долдугаар сарын 1-ний үймээний үеэр захирагчийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулснаас дөрвөн хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр 2.6-3.6 жилийн хорих ял сонссон хурандаа нар эмнэлэгт эмчлүүлж байна. НЦГ-ын дарга асан, хурандаа О.Зоригт энэ сарын 8-нд /тухайн үед тэрбээр зүрхний хагалгаанд ороод гурав хонож байсан/ буюу шүүх хурлын маргааш биеийн байдал нь муудан, Н.П.Шастины нэрэмжит III эмнэлэгт хэвтсэн бол ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд өнгөрсөн баасан гаригийн 20.00 цагийн үед мөн тус эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний хувьд мөн л элэгний хавдар боох мэс засалд ороод удаагүй байсан юм. Өөрөөр хэлбэл, түүнийг хагалгааны дараах эмчилгээгээ дуусаагүй байхад нь шүүх хуралд оролцуулахаар авч явсан билээ.
Тиймээс өчигдрөөс эхлэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, шинжилгээ өгч эхэлсэн байна. Харин Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүхийн цусан дахь сахарын хэмжээ 28 хүрч, биеийн байдал нь муудсан тул тус өдөр Улсын клиникийн төв эмнэлэгт хүргэгджээ. Түүний хувьд өмнө нь хорихын эмчийн зөвшөөрөлтэйгөөр тус эмнэлэгт эмчлүүлж байсан юм.
Дээрх гурван даргын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдахаа мэдэгдээд байгаа юм. Хуульд зааснаар яллагдагч шүүхийн шийтгэх тогтоолыг гар дээрээ авснаас хойш долоо хоногийн дотор дараагийн шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байдаг. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд шийтгэх тогтоолоо биечлэн гардуулаагүй байгаа аж. Тэдний хувьд дараагийн шатны шүүх хуралд ямар өмгөөлөгчтэй орохоо одоогоор эцэслэн шийдээгүй байгаа аж.
М.ӨНӨРӨӨ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )