Хувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн боловсруулагдаж, 2007 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6, 24.7-д заасны дагуу татвар төлөгч иргэдийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулан илүү төлөлтийг буцаан олгох ажлыг Сангийн сайдын 104 тоот тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын хүрээнд жил бүр хийж байгаа.
Хууль хэрэгжсэнээр улсын хэмжээнд 2008 онд 21060 татвар төлөгч иргэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж 4.0 тэрбум төгрөгийн буцаан олголт авч байсан бол 2011 онд 42844 иргэн 17,8 тэрбум төгрөгийн албан татварын буцаан олголт авах дүнтэй гарсан нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа татвар төлөгч иргэдийн тоо жилээс жилд өсч байгааг харуулж ажээ. 2011 онд эдэлсэн албан татварын буцаан олголтын дүнгээс 2012 оны зургаадугаар сарын нэгний байдлаар орон нутагт 17792 татвар төлөгч иргэнд 5.8 тэрбум төгрөг, нийслэлд 8737 иргэнд 3.2 тэрбум төгрөг, нийт улсын хэмжээнд 26529 иргэнд 9.0 тэрбум төгрөг олгожээ.
Нийслэлийн Татварын газраас нийслэлийн төрийн санд хүргэгдсэн татвар төлөгч иргэдийн дараагийн ээлжийн албан татварын буцаан олголтыг энэ сарын хоёр дахь 10 хоногт багтаан олгохоор болжээ. Нийслэлийн Татварын газраас бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, зөрчилтэй 736 иргэний материалыг харьяалагдах Татварын хэлтсүүдэд буцааж, материалын бүрдүүлэлтийг хангасан байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )