Монголын шинэ хөгжмийн ассосиацаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Туурайн төвөргөөн-2012” олон улсын хөгжмийн фестиваль өчигдөр Монголын үндэсний музейн урд нээлтээ хийлээ. Нээлтэнд Монголын “Угсаатан” хамтлаг, дуучин Амгалан, хөгжим бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн ангийн оюутнууд, Шилмэл загвар ордны загвар өмсөгчид монгол хувцсаа сонирхуулсан бол Швейцариас хөгжимчин Жераму, Дари бергер буюу электроник хөгжмийн загалмайлсан эцэг болон АНУ, Франц, Германы 20 гаруй уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсан юм. Ингээд “Туурайн төвөргөөн-2012” фестивалийг зохион байгуулж буй Монголын шинэ хөгжмийн ассосиацын менежер С.Бадамхандтай ярилцсанаа хүргэж байна.
-“Монголын шинэ хөгжмийн ассосиаци” ТББ хэзээ, ямар зорилготойгоор байгуулагдсан бэ?
-Манай ТББ 1998 оноос хойш 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олны гол зорилго бол Монгол улсаа соёл урлагаар дамжуулан дэлхий дахинд сурталчлах мөн монголынхоо ард түмэнд дэлхий дахинд шинээр гарч буй хөгжмийн урсгал чиглэлийг хүргэхэд оршино. Ийм ч учраас гадаадын алдартай хөгжимчдийг жил болгон эх орондоо урьж наадамдаа оролцуулдаг юм. Манай “Туурайн төвөргөөн” фестивалийн ерөнхийлөгч нь ХБНГУ-ын хөгжмийн зохиолч, Герман улсын Соёлын элчин сайд Бен гэдэг хүн байдаг. Энэ хүн бол Монголын соёлыг дэлхийд төлөөлөн сурталчилдаг элчин сайд төдийгүй манай ТББ-г уран сайхны талаас нь удирдаж ажилладаг. Дэлхийд нэртэй хөгжимчдийг нэг хоёр жил судалсны үндсэн дээр хөгжимчдөө урьж авчирдаг. Мөн манай байгууллагын бас нэгэн онцлог бол концертын танхимд тоглохоос гадна Монголынхоо үзэсгэлэнт байгальд ард түмэндээ зориулсан тоглолтуудыг үнэ төлбөргүй тоглож үзүүлдэг. Тоглолтуудаараа бид эх орныхоо хөгжлийн хөтөч залуу үеийнхээ хүмүүст сайн үлгэр дууриал үзүүлэхийг зорьдог. Туурайн төвөргөөн наадам маань дэлхийн шилдэг 50 аяллын нэгээр тодорсон. Учир нь нутгийн ард түмэндээ урлагаар үйлчлэхийн хамт эх орноо дэлхийд сурталчилж чадсанд байгаа юм. Мөн Германд жижигхэн соёлын төв нээсэн. Энэ соёлын төвөөрөө янз бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулдаг.
-Энэ жилийн хувьд ямар орны хэдэн уран бүтээлчид оролцож байгаа вэ?
-Манай уран сайхны удирдаач маань герман хүн учраас бид ихэвчлэн баруун Европын алдартай хамтлаг, хөгжимчдийг урьж авчирдаг. АНУ, Япон, гээд Ази, Европын бүх орнуудаас хөгжмийн төлөөлөгчид уригдан ирж байсан. Энэ жилийн тухайд бол ХБНГУ, Швейцарь, Бразиль гэх мэт 8 орны 20 гаруй уран бүтээлчид ирлээ. Энд ирсэн уран бүтээлчид маш авьяастай, алдартай хүмүүс юм. Тоглолт нь 2-3 жилээр төлөвлөгдсөн байдаг. Энэ хүмүүсийн урьж авчраад Монголынхоо залуу уран бүтээлчидтэй танилцуулж, ажил хэргийн болон найз нөхдийн харилцаатай болоосой гэж боддог. Дэлхий дахинд энэ наадмаар дамжуулаад манай уран бүтээлчидтэй гаднынхантай хамтарч уран бүтээл хийх боломжийг нээж өгдөг юм.
-Энэ жилийн фестивалийн гол онцлог юу вэ?
-Энэ жилийн фестивалийн тухайд бид 14 хоног хөдөө орон нутгаар явна. Энэ аяллыг маань Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, "Равжаа судлалын олон улсын төв" хамтран ивээн тэтгэж байна. Эхний долоо хоногтоо Данзанравжаагийн нутаг Хамрын хийд чиглэлээр явна. Харин хоёр дахь долоо хоногтоо Өвөрхангайн Элсэн тасархай чиглэлээр явж СУИС-ийг төгссөн залуу хөөмийчдийн тоглолтыг нутгийн ард түмэндээ үнэгүй тоглоно. Хөөмийн урлагийн гайхамшгийг хамтран тоглолт хийж байгаа гадаадын уран бүтээлчиддээ болон урлагийн томоохон менежерүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд сонирхуулна.
-“Туурайн төвөргөөн” олон улсын фестивальд оролцож байгаа уран бүтээлчдэд ямар шалгуур тавьдаг вэ?
-Бидний зорилго бол дэлхийн хамгийн шилдэг уран бүтээлчдийг эх нутагтаа урьж авчрах. Тиймээс ч Монголынхоо маш сайн уран бүтээлч, хамтлагийг оролцуулдаг. Энэ жил хувьд Улсын ардын дуу бүжгийн чуулга, Саран хөхөө театр, Угсаатан хамтлаг, мөн Одсүрэн багшийн нэрэмжит хөөмийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдийг оролцуулж байгаа.
-Хөдөө орон нутгаар 14 хоног хамт аялах багийн тухайд?
-Нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Герман улсын Прайгү хотын захиргааны соёлын томоохон дарга ч байгаа.
-Манай уран бүтээлчдэд дэлхийн том менежерүүдтэй ажиллахад юу дутагдаж байна вэ?
-Гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад манай залуучуудын авьяас чадвар дутаад байх юм байхгүй. Харин хамгийн гол бэрхшээл бол хэлний асуудал. Дэлхийн том менежерүүд хамтарч ажиллах санал тавихад хэлний бэрхшээлээс болоод цаашид харилцаа холбоотой байж чаддаггүй. Ядаж англи хэлийг сайн эзэмшмээр байна. Тэгвэл бидэнд дэлхий рүү гарах үүд хаалга үнэхээр нээлттэй.
-Хөдөө орон нутгаар аялахдаа урлагийн тоглолтоос гадна ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Бид нар дан хөгжим гэлтгүй “Шилмэл загвар” ордонтой хамтарч үндэсний бахархал болсон дээл хувцсаа гадныханд үзүүлж сонирхуулна. Мөн олон улсын хоолны үзэсгэлэн зохион байгуулдаг. Тэр үзэсгэлэнд орон орноос ирсэн төлөөлөгчдөдөө монгол хоолоо танилцуулна.
-Энэ удаагийн наадмыг музейд хийх болсон шалтгаан?
-Бид концертын танхимаас илүү мүзейнүүдэд хийхийг зорьдог. Учир нь гадаадын том том телевизийн хэвлэл мэдээллийн ажилтнууд явж байдаг. Тиймээс Монгол дуу хөгжмөө сонирхуулахаас гадна улс орныхоо музейн гайхамшгийг үзүүлэхийг давхар зорьдог юм. Дараагийн тоглолтоо байгалийн түүхийн музейн үлэг гүрвэлийн танхимд тоглоно.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )