Засгийн газрын тавдугаар сарын 31-ний хуралдаанаар “Эрдэнэс Таван толгой”-н нэгж хувьцааны үнийг тогтоосон. Ингээд энэ сарын 1-нээс хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуй нэгж, байгууллагуудын бүртгэл эхэлсэн. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, татвар тогтмол төлдөг гэсэн шалгуурыг давсан 41390 компанид хувьцаа худалдан авах нээлттэй гэдгийг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламж”-ийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандулам хэлсэн юм. Компаниудын хувьцаа худалдан авах дээд лимитийг 36.240 ширхэгээр тогтоож мөнгөн дүнгээр 33 сая 818 мянган төгрөг болсон. Хувьцаа худалдаж авах аж ахуй нэгжүүдийг бүртгэж эхлэхдээ хугацаа заагаагүй атлаа сүүлийн үед компаниудыг мөнгөө хурдан төлөхийг шаардаж байгаа талаар мэдээлэл байна. Ингээд энэ талаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн байцаагч н.Пүрэвжаргалаас тодруулахад “Хувьцаа худалдан авах хүсэлтэй компаниуд зургадугаар сарын 28-ны дотор харьяа аймаг, сум, дүүргийнхээ татварын хэлтэст тушаана. Хэчнээн хувьцаа худалдаж авахаа тодорхойлоод хувьцааны тоогоо 933 төгрөгөөр тооцож мөнгө төлнө. Хугацаа нь зургадугаар сарын 14 гэж байгаад хойшлоод 28 хүртэл сунгасан. Одоо цаашаа сунгахгүй” гэсэн хариулт өглөө. Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд 28-наас урьтаж аж ахуй нэгжүүдийн мөнгийг яаравчлууллаа гэсэн хардлага компаниудад байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )