“Анун” төвийн галыг унтраах явцад хоёр аврагч угаартжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Анун” компанийн төв оффисийн ард байрлах агуулахад өчигдөр өглөөний 06 цагийн үед гал гарсан. Тус төвийн хамгаалалтын алба нийслэлийн шуурхай мэдээллийн төвд 06 цаг 45 минутын орчимд галын дуудлага өгчээ. Гал түймэртэй тэмцэх тасгийн гал сөнөөгчид газар дээр нь ирэхэд гал нэлээд тархаж, хоёр давхрын хагарсан цонхоор гал дүрэлзэн асч байсан гэнэ. Битүү утаатай агуулах нь дээврээсээ нурж эхлээд байсан тул галыг унтраахаар зургаан ангийн 160 гал сөнөөгчийг нэмж ажиллуулсан байна.

“Анун” компани нь тавилгын бараа материал зардаг учраас шахмал, үртэс, модон буйдан зэрэг нь амархан шатаж, галыг улам дэврүүлж, унтраах явцад хүндрэл учруулж байсан юм. Мөн будаг шингэлэгч бодис, сүрчиг зэрэг нь химийн урвалд орж гал сөнөөгчдийн нүүр, нүдийг нь хорсгох хүндрэл гарчээ. Шинжээчид гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тус компани даатгалтай тул хохирлын мөнгөн дүнгийн тодорхой хэсгийг авах юм.

Хоёр гал сөнөөгч угаартаж эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ тэдний биеийн байдал сайн байгаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав хэллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top