Гаднын улс оронд монгол хүн гэмт хэрэг үйлдэх болгонд Монгол Улсын нэр хүнд сэвтдэг билээ. Манай улсын иргэд харийн оронд хулгай хийлээ, худал хэлж залиллаа гэсэн мэдээлэл олонтаа сонсогддог. Өнөөдөр хэн нэгэн гэмт хэрэг үйлдээд баригдахгүй байвч маргааш өөр нэгэнд балаг нь тусдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгний амиа бодсон үйлдлээс болж нутаг нэгтнүүдэд нь тухайн улс оронд виз мэдүүлэхээс эхлээд олон асуудал тулгардаг болжээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуяг "Манай иргэд гаднын оронд гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Үүнээс болж зарим иргэн гадаадад ажиллаж амьдрахаар виз мэдүүлсэн ч бүтэлгүйтэх янзтай. Зарим улс оронд манайхан гэмт хэрэг үйлдсэнээс болж визийн нөхцөлөө чангатгаж эхэлсэн.
Гэмт хэрэгт том, жижиг ялгах юм байхгүй. Манай иргэд ямар ч тохиолдолд гаднын улсад гэмт хэрэг үйлдэхэд Монголын нэр унадаг" гэж хэлсэн юм. Энэ нь хэн нэгний буруугаас болж бусад нь хохирдгийг баталж байгаа нэг жишээ юм. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам гэж бий. Манай улсын иргэн гадаадад гэмт хэрэг үйлдээд тухайн улсын хууль хяналтынханд баригдалгүй эх орондоо ирсэн ч гэм буруутай нь нотлогдвол торны цаана суулгах заалтыг Эрүүгийн хуульд тусгажээ. Ирэх даваа гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд ийм нэг хэргийг хэлэлцэх гэж байна. Тодруулбал, хар тамхийг хил дамнуулан худалдаалсан иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал юм. Энэ хэргийн шүүгдэгчээр иргэн Одбаяр, Золбоо, Мөнхбат нар оролцоно. Тэдэнд Эрүүгийн хуулийн 14-т зааснаар ял төлөвлөжээ.
Ер нь манай иргэд өнгөрсөн 10 жилд хар тамхийг хангалттай татаж, хэрэглэж байгаа нь олон судалгаагаар батлагджээ. Монголд хар тамхины хэрэглээ өдрөөс өдөрт өсч, үүнийг хэрэглэдэг дунд сургуулийнхны хүрээлэл хүртэл бий болсон. Хэрэглээ ийн өсч байгаа нь нийлүүлэлтийг ч давхар өсгөж байна. Өөрөөр хэлбэл, эрчимтэй өсч буй эрэлт хэрэгцээг дагаж олон улсаас манай уруу чиглэсэн хар тамхины уртаас урт жим үүссэн гэсэн үг. Магадгүй цаазын тавцанд хүргэж мэдэх энэ жимээр монгол залуус, тэр ч бүү хэл өсвөр үеийнхэн алхаж байгаа нь аймшигтай. Сүхбаатар дүүргийн шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох гэж байгаа дээрх залуус ч энэ л жимээр алхжээ. Тэд Малайзаас Бээжин рүү хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон юм. Эдгээр гурван залуугийн хамт Энхбаяр гэгч хар тамхи зөөсөн гэдэг. Энхбаяр өдгөө БНХАУ-ын шоронд хоригдож байгаа бөгөөд тус улсын анхан шатны шүүхээс цаазын ял сонсчээ.
Энэ хэргийн ард эгч дүү Б.Хулан, Б.Халиун нар бий. Эгч дүүс Малайзын иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэндээ амьдардаг. Эгч дүүст хар тамхи тээвэрлэгч олж өгдөг хүмүүс нь Монголд амьдардаг аж. Нэг ёсондоо сүлжээ болон ажилладаг гэсэн үг. Тэд Монголд байгаа иргэдтэй интернэтээр холбоо тогтоон Малайзад ажиллахыг урьдаг гэнэ. Ингээд зүсийг нь ч сайн танихгүй хүмүүсийн урилгаар Малайзад хөл тавьсан хүмүүсийг хэд хоног гадуур дагуулан дэлгүүр хэсч, энэ тэрүүгээр аялуулдаг ба эцэст нь хар тамхи залгихыг санал болгодог юм байна. Одбаяр, Золбоо, Мөнхбат нар ийм л маягаар гэмт хэрэгт татагдан оржээ. Тэд 0.9 граммаар савласан тус бүр 60 ширхэг хар тамхи залгиж Малайзаас Бээжинг зорьсон байна. Энэ хэрэг өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр үйлдэгджээ. Улмаар маргааш нь хамсаатан Энхбаяр нь урд хөршийн хил дээр саатуулагдсан аж.
Энхбаяр баригдсан ч нөгөө гурав эх орондоо иржээ. Монголд ирснээр тэд цаазын ялаас мултарч чадсан ч гаднын оронд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүхийн хаалга татаад байна. Цагдаагийнхны хэлж буйгаар ийм төрлийн хэрэг үйлдээд баригдалгүй эх орондоо "морилсон" иргэд олон гэнэ. Одоогоор тэднийг шалгаж байгаа бөгөөд үйлдэл нь нотлогдвол мөн л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Ийнхүү монголчууд биедээ "тэсрэх бөмбөг" зүүснээс өөрцгүй алхам хийж амьдралаа баллахаас гадна харийн оронд эх орныхоо нэр хүндийг сэвтүүлсээр байна.
Д.МЯГМАРЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )