Жил бүрийн хавар төгсөх ангийн сурагчид их, дээд сургуульд элсэн орох элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг билээ. Энэ жил нийт 43 мянга гаруй сурагчид шалгалт өгсөн бөгөөд энэ сарын 8, 9, 10-нд орон даяар нэг зэрэг амжилттай болж дууссан. Гэхдээ Боловсролын үнэлгээний төв шалгалт дууссанаас хойш шалгалтын үйл явц, зохион байгуулалттай холбоотой 98 өргөдөл, гомдол хүлээн авчээ. Үүнийг ангилж үзэхэд математикийн шалгалтыг хугацаанаас нь өмнө хурааж авсан, гэрээний хуудсанд хувилбар бичээгүй, гарын үсэг зураагүй, дүн онооны батламжаа харьяа аймагтаа шилжүүлж авах, шалгалтын бодлого алдаатай байсан гэх өргөдлүүд ирсэн байна. Уг асуудлыг Өргөдөл, гомдол шийдвэрлэх комисс зохих журмын дагуу шалгуулагчдыг хохиролгүй чирэгдэл учруулалгүйгээр шийдвэрлэжээ.
Улаанбаатар хотын төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах аж. Харин хөдөө орон нутгийн шалгуулагчид дүнгээ аймгийнхаа Боловсрол, соёлын газрын Зөвлөгөө-мэдээллийн ажилтнаас авах юм. Өнгөрсөн онд төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн зарласан газраас дүнгийн батламжаа хүлээн авсан. Боловсролын үнэлгээний төв одоогоор шалгалтын материалыг засч үнэлэх ажлыг хийж байна. Шалгуулагчдын дүн, онооны жагсаалтыг ирэх сарын 1-ний 09.00 цагт www.eec.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлэх гэнэ. Тус сайтын шалгуулагчийн буланд өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан харах боломжтой.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )