2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдалд таван хүн амиа алдаж, олон зуун залуус хэрэгт холбогдсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр цагдаагийн албан хаагчдын хохирогчдын холбоо ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэл, Т.Ганчимэг, Х.Сэсээр нар мэдээлэл хийлээ.
276 залуус хэлмэгдээд шоронд ял эдэлж байна. Мөн цагдаагийн дарга нар хэлмэгдэж, өнөөдөр 2.5-3.6 жилийн ял сонслоо. Үүрэг, тушаалаа биелүүлсэн цагдаа нарыг хэлмэгдүүлж, буруутан болгож байна. Гэтэл энэ явдлыг өдөөн турхирсан хүмүүс төрийн өндөрлөгт хүрэх гээд нэр дэвшээд явж буй. Долдугаар сарын нэгний энэ хар өдөр таван хүн амиа алдаж, найман хүн группт орсон бөгөөд 68 хүн эмчилгээнд яаралтай орох хэрэгтэй байна. Бидний хохирлыг хэн ч барагдуулаагүй, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд 50 сая битгий хэл 500 төгрөг ч өгөөгүй. Төрийн төлөө зүтгэснийхээ төлөө бид хангалттай хохирсон. Ааваасаа хагацсан үр хүүхэд, хань ижил, хос эрхтнээсээ салсан хүн хэдэн төгрөг нэхэмжлэх ёстойг бид үймээнийг өдөөсөн хүмүүсээс нэхэмжлэнэ гэдгээ тэд мэдэгдлээ.
Мөн тэд шүүх хуралд энэ хэрэгт холбогдсон хүмүүс хохирогч болоод байхад өнөөдөр яагаад амь насаа алдсан ар гэрийнхнийг хохирогчоор тогтоохгүй байгааг бид ойлгохгүй байна гэсэн юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )