ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн зээл чөлөөлөх нэрийн дор бусдын орон байрыг луйварддаг бизнес улам бүүр гаарсаар байгаа талаарх хэвлэлийн хурал өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд боллоо. Уг хурлыг хохирогч Ч.Бор, Д.Батдэлгэр, өмгөөлөгч Ц.Баасандорж нар хийсэн юм. Тэд хэлэхдээ Д.Нямхүү нь банкинд өөрийн гэсэн танил хүмүүстэй. Тэр хүмүүсээрээ банкнаас зээлтэй хүмүүсийн мэдээллийг гаргуулж, утас мэдээллийн дагуу өртэй хүмүүс рүү ярин зээлийг нь чөлөөлөөд өгье хэмээдэг. Мөн "Та надтай нэг гэрээ хийчих, зүгээр л хэлбэр төдий юм" хэмээн хуурч худалдах-худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулан таньдаг нотариатчаараа баталгаажуулдаг гэнэ. Ийнхүү иргэд зээлээ төлөөд хөрөнгөө авъя гэхэд их хэмжээний мөнгө нэхэж дарамтлан, хууль цагдаагаар яваад юу олж долоохыг чинь харна гэж ч айлгадаг аж. Д.Нямхүү, түүний хамаатан өмгөөлөгч Ц.Алимаа нар нь иргэн Ч.Борын гуравдугаар хороолол дахь тухайн үедээ 70 сая төгрөгний үнэтэй байсан 3 өрөө орон сууц /одоо зах зээлийн үнэ нь 100 сая төгрөгөөр үнэлэгдээд байгаа/-ыг 28 сая төгрөгөөр банкны зээлээс чөлөөлөн луйврынхаа аргаар авчээ. Ингээд Ч.Борд "70 сая төгрөгөө өгч чадахгүй бол та нар хуулийн байгууллагаар яагаад ч авч чадахгүй" гэж сүрдүүлсэн байна.
Ингээд шүүхэд хандан өөрийн байраа Д.Нямхүүгээс авах гэсэн боловч шүүхээс Д.Нямхүү, түүний хамаатан өмгөөлөгч Ц.Алимаа нарыг зээл чөлөөлөлгүйгээр Ч.Борын байрыг худалдаж авсан. Нөгөө хэлбэр төдий гэрээг нь Хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл тухайн үедээ 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 28 сая төгрөгөөр Д.Нямхүүд зарсан гэж тогтоосон юм.
Хохирогчид давж заалдахад шүүхийн шийдвэр тэдний талд гарчээ. Гэтэл уг хэргийг хянаж байгаа прокурор нь Д.Нямхүүг шалгах ажиллагаа огт явуулаагүй байна. Энэ гэр бүлийнхэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг таван жил хүлээж байгаа ч өнөө хэр нь шийдэгдээгүй л байна. Хууль хяналтын байгууллагынхан мөнгөтэй хүнд худалдагдан үйлчилж байгаагаас болж иргэд ихээр хохирсон хэрэг сүүлийн үед газар авах болсны нэгэн жишээ л ийм байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )