Өнөөдөр Нийслэлийн онцгой комисс хуралдсан байна. Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт үер буужээ. Тиймээс энэхүү үерээс үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар энэ хуралдаанаар шийдвэр гаргажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын хэд хоногт бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа. Иймд онцгой чиг үүрэгтэй бүхий л газрууд өндөр бэлтгэлтэй байж, нэн түрүүнд иргэдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг даалгалаа. Цахилгаан тасарсан газарт өнөөдрийн дотор шуурхай арга хэмжээ авч тасалдлыг арилгах, мөн үерийн аманд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байгаа аж. Түүнчлэн бага насны хүүхдүүдийг эцэг эхийн хараа хяналтгүй гадуур явуулах, гол усны ойр тоглуулах, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох үүднээс голын ай сав газарт амарч зугаалахгүй байх талаар анхааруулж, эргүүл гаргаж ажиллуулахыг холбогдох газруудад даалгажээ. Үерт нийтдээ 240 иргэн ямар нэг хэмжээгээр өртсөнөөс 11 айл орон гэргүй болсон байна. Иймээс энэ 11 өрхөд өнөөдрийн дотор гэр олгож дуусах юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )