“Тиранозаурус Батаар” удахгүй эх орондоо ирэх болсон талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун болон Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж байгаагаар үлэг гүрвлийн яс Монголынх гэдгийг тогтоосон болохоор одоо эх орондоо авч ирэх асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор даваа гаригт АНУ-ын Засгийн газрын нэхэмжлэлийн дагуу АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх “Тиранозаурус Батаар” хэмээх үлэг гүрвэлийн ясыг хураан авах тогтоол гаргасан байна. Тогтоолд “АНУ-ын Засгийн газрын 2012 оны зургадугаар сарын 18-ны нэхэмжлэлийн дагуу АНУ-ын Нью-Йоркийн Өмнөд дүүргийн Heritage Auctions-ийн дуудлага худалдаагаар өнгөрсөн сарын 20-нд оруулсан “Батаар”-ын араг ясыг хурааж, АНУ-ын төрийн мэдэлд оруулах ёстойг батлав. Засгийн газрын нэхэмжлэл, хөрөнгө хураах өргөдлийг шүүх харгалзан үзэж, Хөрөнгө хураан авах тухай дүрмийн нэмэлт хэсэгт заасны дагуу одоогоор улсын мэдэлд байхгүй байгаа өмчийг АНУ-ын хуулийн дагуу хураан авсугай. Энэхүү баримт бичгийн дагуу хөрөнгө хураах зөвшөөрөлд нь шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээд, холбооны маршал, цагдаагийн ажилтан, Засгийн газартай гэрээ хийсэн ажилтан эсвэл энэ шүүхээс томилогдсон ажилтан нарын аль нэгэнд олгогдоно” гэжээ.
Дуудлага худалдаагаар зарагдсан үлэг гүрвэлийн яс манай улсаас 1995-2005 оны хооронд хууль бусаар гарсан байх магадлалтай гэнэ. Учир нь гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд энэ төрлийн мэдээлэл байхгүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр энэ хэрэгт нэг биш нилээд хэдэн хүн хамааралтай болж таарч байгаа бөгөөд хуулийн байгууллагынхан шалгаж байгаа юм байна.
Уг олдворыг малтаж гаргахдаа мэргэжлийн бус хүнээр ухуулсны улмаас цөөнгүй газраа гэмтэл авсан гэнэ. Одоогоор түүхийн хосгүй үнэт энэхүү өвийг АНУ-ын Засгийн газар хадгалж байгаа юм.
Дашрамд дурдахад манай улсаас бүрэн болон дутуу 89 батаарын араг яс олдсон байна. Тэдгээрээс бүтэн олдсон нь 10 хүрдэггүй бөгөөд батаарын толгойн яс өндөр үнэ хүрдэг ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )