Нийслэлчүүд 16 дахь жилдээ “Тал нутгийн марафон”-д нэгдэх гэж байна. Жил бүрийн долдугаар сард энэхүү олон улсын марафон гүйлтийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн марафон гүйлт долдугаар сарын 22-ны өдөр Цонжин болдогт зохион байгуулагдана. “Тал нутгийн марафон-2012” гүйлтэд 15-аас дээш наснынхан хамрагдах боломжтой. Гүйлтийг хэд хэдэн насны ангиллаар зохион байгуулна. Тухайлбал, 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км газрын туулах бол 40-60 насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км газар гүйнэ. Харин залуучууд 10 км, хагас марафон гүйлтийнхэн 21 км замыг туулна. “Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой энэхүү гүйлтэд нийслэлчүүдээс гадна гадаадын жуулчид, иргэд өргөнөөр оролцдогоороо онцлог юм. “Тал нутгийн марафон 2012” гүйлтийн тэмцээний зохион байгуулагчаар нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Япон Улсын Элчин сайдын яам, “Монголын Марафон гүйлтийн холбоо”, “Монголын Хөнгөн атлетикийн холбоо”, “Женко тур бюро” ХК хамтран ажиллана. Харин мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “UBS” телевиз оролцох юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )