“Миний дэлгүүр” сүлжээний зарим салбарын үйл ажиллагааг зогсоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан иргэдээс ирсэн мэдээллийн дагуу гуравдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Миний дэлгүүр сүлжээнд шалгалт хийж, багагүй зөрчил илэрсэн тул зөрчлөө арилгах сарын хугацаатай албан шаардлага өгчээ.

Энэхүү шалгалтын талаар НМХГ-ын Хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний газрын хэлтсийн дарга О.Нарантуяа дараах мэдээллийг хийсэн юм.

Дахин шалгалт хийхэд тус дэлгүүрүүд зөрчлөө арилгаагүй байжээ. Шалгалтанд төв болон 17 сүлжээ нийт 18 дэлгүүр хамрагдсан байна. Тус дэлгүүрийн 15 нэр төрлийн төмс хүнсний ногоо, жимс жимсгэний чанарын баталгаажилтанд шалгалт хийхэд дөрвөн нэр төрөл буюу 26.5 хувь нь лабораторийн шинжилгээнд хийлгээгүй байна.

Мөн ХУД-т байрлах “Миний дэлгүүр”-ийн 108-р салбарын барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн актгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Чингэлтэй дүүрэгт байрлах 366-р дэлгүүр нь тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, ариутгал туйлын хангалтгүй, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг зарахыг хориглосон тэмдэглэгээг хийгээгүй, БЗД-ийн 106 дугаар салбарт нь 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинжилгээ баталгаажилтгүй худалдаалсан.

БГД-т байрлах 355, 372, 373, СБД-ийн 330-р салбар “Миний дэлгүүр” сүлжээ тус тус шаардлага хангахгүй болон хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг борлуулж байсныг тогтоожээ. СХД-т байрлах 112, 113-р салбаруудад худалдаалж буй тушенк нь хадгалалтын буруугаас болж хий үүссэн байсан.

Тус сүлжээ дэлгүүрийн БЗД-ийн 106, ЧД-ийн 333, СБД 330-р салбаруудын үйл ажиллагааг нь зогсоож, бусад зөрчил бүхий найман нэгж салбарт нь 2,2 сая төгрөгийн торгууль, таван албан хаагчид 200 мянган төгрөгний торгуулийг тус тус тавьжээ.

Дээрх салбар дэлгүүрүүдийн хорин цэгээс арчдасын шинжилгээ авч НМХГ-ын лабораторид шинжлэхэд 14 буюу 70 хувь нь нянгийн бохирдолтой гарсан зөрчил илэрлээ. Үүний дагуу БЗД-ийн 106, ЧД-ийн 306, СБД-ийн 303-р салбаруудын үйл ажиллагааг хааж, албан бичиг хүргүүлжээ. Нийт 2 сая 415 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар устгах буюу улсын орлого болгожээ.

Түүнчлэн зун цаг ирсэн тул иргэдийг ил задгай зарж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа хаяг шошгыг нь сайтар харж үйлчлүүлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top