Б.Тамир: Хөтлөгч хүн үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Камертон-2 шоунд болж буй халуун үйл явдлыг цаг алдалгүй үзэгчдэд маш сонирхолтойгоор хүргэдэг УДЭТ-ын залуу жүжигчин, хөтлөгч Б.Тамиртай цөөн хором хөөрөлдсөн юм.

-“Камертон-2” шоуны хөтлөгчөөр ажиллахад ямар байна вэ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

 -Мэдээж сэтгэгдэл маш өндөр байгаа. Камертон бол өөрөө Монголын boy band-уудын номер нэг хамтлаг. Залгамж халааг нь авах түүхэнд үлдэх урт настай хамтлагийг төрүүлэх зорилгоор энэ шоуг зохион байгуулж байгаа. Анхнаасаа би энэ шоуг хөтлөхийн хүссэн. Тиймээс ч шоуг хөтлөх нь надад таалагдаж байгаа.

-Шоуг хөтлөх саналыг хэн тавьсан бэ?

-Зургийн баг надад санал тавьсан. Ер нь би Камертон хамтлагийг сонсох дуртай. Дараагийн сонсох хамтлагаа хэрхэн яаж байгуулагдаж байгаа яг тэр халуун үйл явдалд гар бие оролцоно гэдэг бол завшаантай хэрэг.

-Нэвтрүүлгийг хөтлөхөд сайхан болоод хэцүү тал нь юу вэ?

-Ер нь бүх мэргэжил хэцүү шүү дээ. Амархан юм гэж байхгүй. Мэдээж хэцүү зүйл байлгүй яахав. Хөтлөгч бол тусдаа мэргэжил хэдий ч жүжигчний мэргэжлийн хичээлүүд маань их тус болж байна. Тэрнээс биш би өөрийгөө айхтар сойсон юм байхгүй. Миний бодлоор хөтлөгч хүн нэвтрүүлгийг сонирхолтой өрнүүн болгож, үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг байх хэрэгтэй. Гадуур шүүмжлэл байдаг хэдий ч тэр бол тухайн хувь хүний л бодол.

-Урьд нь телевизийн шоу хөтөлж байсан уу?

-Телевизийн шоу хөтөлж байгаагүй. Харин албан газруудын тэмдэглэлт үйл ажиллагаануудыг хөтлөдөг байсан. Энэ бол жүжигчин хүний хувьд байдаг л зүйл.

-Таныхаар 3-р шатны хамгийн гол онцлог юу байх бол?

-Шилдэг 51 оролцогч маань арав арваараа багт хуваагдлаа. Урьд нь оролцогчид ганц ганцаараа тоглолтоо үзүүлж байхдаа их баригдмал байсан бол III шатанд багийн тоглолтыг үзүүлнэ. Эдгээр багийн тоглолтыг би үзэгчдэд дамжуулна. Одоогоор багуудаа сайтар ажиглаж байгаа. Энэ ажиглалтаасаа үндэслээд үзэгчдэд сонирхолтой байхаар багуудын дунд яриа өрнүүлнэ. Мэдээж багийн хүүхдүүд өөр хоорондоо дотно болж байна. Энэ дундаас дахиад шигшигдээд ирнэ. Шат ахих тусам шоу маань улам сонирхолтой болж байгаа.

-Хөтлөгчийн хувьд өөрийн чинь дэмжиж байгаа оролцогч байгаа юу?

-Замбалгарав. Манай нэг үеийн төгсөгч. Замбалгарав үнэхээр сайхан дуулдаг. СУИС-ийн бүхий л арга хэмжээнд оролцдог байсан. Анх яаж хичээж зүтгэж байж дуучин болсон бэ гэдгийг нь мэддэг учраас Замбалгарвыгаа дэмжиж байгаа. Гэхдээ тэмцээнд орж байгаа бүх оролцогчдоо болж өгвөл бүгдийг нь тэнцүүлмээр байна. Монголын залуучууд бүгдээрээ сайхан дуулж байна шүү дээ.

-Шоуг хөтлөж байх үед хөгжилтэй явдал хэр их тохиолдов?

-Өө зөндөө. Мэдээж хөгжилтэй явдлууд байлгүй яахав. Үгүй дээ л үгээ мартаад хоорондоо аальгүйтэж инээлдэж байгаа юм чинь. Тэр хөгжилтэй инээлдэж байгаа хэсгүүд шоуны төгсгөлд гарна.

-Нэгийг нь онцолбол?

-Нэг оролцогч намайг бүр гайхшралд оуулсан. Би Камертоны “ярьдаг” Мээдээг дууриана гэж ярьсан. Мэдээж адилхан уран бүтээлч хүний хувьд маш эвгүй сонсогдсон. Энэ бол шоу нэвтрүүлэг л дээ. Хүн дуртай юмаа хийж, ярьж болохоор ардчилсан нийгэм. Гэлээ ч олон түмний нүдэн дээр соёлгүй байдал гаргаж болохгүй. Үзэгчдээ хүндлэх хэрэгтэй. Би тэр оролцогчийг нэлээд цаашлуулсан. Үзэгчид мэдэж байгаа байх.

-Мэдээж жүжигчин хүнтэй уулзаж байгаа болохоор уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-Манай Фантастик продакшн инээдмийн 50 ангитай кино хийх гээд бэлтгэл ажилдаа орсон. Энэ зунжингаа зураг авалттай. Авьяаслаг залуучуудаар багаа бүрдүүлсэн. Дүрүүдэд Батсайхан, Можух, Баяраа, Шагай, Бадамцэцэг, Соко нар тоглож байгаа. Ирэх намраас үзэгчдийн хүртээл болно.

Ярилцсан Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top