Өнгөрсөн оны есдүгээр сард “Монголын төлөө” уриатайгаар эх орныхоо 21 аймаг, 331 сум, нийслэл Улаанбаатар хотод нэгэн зэрэг нээлтээ хийж байсан “Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин нэг нас хүрэх гэж байна. Ямар нэг нам, улс төрийн хүчин, бизнесийн бүлэглэлийн нөлөөнд авталгүй тэнцвэртэй мэдээллийг уншигчдадаа хүргэсээр дөрөв дэх улиралтайгаа золгож, жинхэнэ ард түмний дуу хоолой, чөлөөт сэтгэлгээний индэр болж чаджээ.
Тус сонин 2012 оны есдүгээр сарын 8-ны өдөр нийт захиалагчдынхаа дунд 25 автомашины сугалаа явуулахаар амлаад байгаа. Тэгвэл үүнээс яг нэг улирлын өмнө 25 ширхэг, 32 инчийн LСD зурагтыг 25 автомашины ИХ СУНГАА болгон азтай захиалагчдадаа бэлэглэлээ. Сугалааны тохирол энэ сарын 17-нд ТВ-5 телевизээр явагдаж, 21 аймаг тус бүрээс нэг, Улаанбаатар хотоос дөрвөн азтан тодорсон бол тэд өчигдөр шагналаа гардаж авлаа. Эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч буй захиалагчдын маань дундаас тодорсон энэхүү азтанууд шагналын зурагтаа гардан авч дурсгалын зургаа татуулцгаасан юм.
Архангай аймгийн азтан С.Баттогтох: Оюуны хөрөнгө оруулалт авахын хажуугаар азтан болсондоо баяртай байна
-Баяр хүргэе. Манай сонины анхны азтаны нэг боллоо шүү дээ?
-Маш их баярлалаа. Миний сэтгэл үнэхээр өндөр байна. Архангайчуудынхаа өмнөөс болон өөрийнхөө зүгээс “Үндэсний мэдээ” сонины редакцийн хамт олон, нийт сэтгүүлч, уран бүтээлчиддээ талархаж явдгаа илэрхийлж байна. Нийгэмд өрнөж буй мэдээ, мэдээллийг бодитой, шуурхай, уран яруугаар уншигч бидэнд хүргэж байдагт үнэхээр их талархаж явдаг даа. Сониныхоо хамт олонд эрүүл энх байхыг хүсэн ерөөгөөд уран бүтээлийн өндөр амжилт хүсч байна.
-Азтан болсноо яаж мэдсэн бэ?
-Телевизийн тохирол явуулж байхад нь мэдэж амжаагүй. Утсаар л анх мэдсэн. Би “Үндэсний мэдээ” сониныг гарч эхэлсэн цагаас нь захиалсан. Сониноо уншаад хажуугаар нь азтан болсондоо үнэхээр их баяртай байна. Би сониноосоо оюуны хөрөнгө оруулалт авахын хажуугаар азтан болчихлоо шүү дээ.
-Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Ойр дотныхонтойгоо, найзуудтайгаа хуваалцсан даа.
Говьсүмбэр аймгийн азтан С.Бямбадорж: Зүс танихгүй ч сониныхоо сурвалжлагч нартаа талархаж явдгаа хэлье
-Азтан болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. “Үндэсний мэдээ” сонины анхны захиалагч хүн. Тус сонины нийтлэлийн бодлого нь маш их таалагддаг. Тухайлбал, “Оюу толгой”-н гэрээг залруулах, нам харгалзахгүй нийтлэл мэдээллээ нэвтрүүлдэг явдал нь бусдаас онцгой шинж юм. Мөн “Иргэн бүр сэтгүүлч болцгооё” гэсэн индрийг уншигч бидэнд нээж өгсөнд талархаж явдаг. Ингээд сониныхоо нийт уран бүтээлч, сэтгүүлчиддээ баярлаж явдгаа илэрхийлж байна. Хэдийгээр зүс танихгүй ч гэсэн өөрийнхөө сонины сурвалжлагч нарт баярлалаа. Тухайлбал, Ж.Тагтаа, Шаабар, гээд бүгдэд нь баярлалаа. Мөн орон нутгийн сэтгүүлчдээс Болдбаатар, Мишигсүрэн нартаа талархаж явдаг шүү.
-Азтан болсноо анх яаж мэдсэн бэ?
-Намайг азтан болсон гэсэн баярт мэдээг хүн утсаар хэлсэн.
Сэлэнгэ аймгийн азтан А.Болор-Эрдэнэ: Баярласандаа хоёр захиалагч дагуулж ирлээ
-Аз гэдэг хэн хүнд тохиогоод байдаггүй. Би өөрийгөө азгүй гэж боддоггүй ч сугалааны хонжворт итгэдэггүй байлаа. Гэхдээ л машины хонжвортой сонинг сонирхохгүй хүн гэж байхгүй л дээ. Сонины азтанаар тодроогүй ч гэлээ хүмүүсийн оюуны хэрэгцээг хангаж чадахуйц сонинг захиалан уншиж буй уншигчдыг бүгдийг нь “Та бүхэн бүгд азтай шүү” гэж хэлмээр байна. Манайх 20 инчийн телевизтэй. Үүнийгээ худалдаж авч байсан болохоос биш аз түшсэн байдлаар ингэж хэрэгцээний зүйлээ авч байсангүй. Одоо аз гийсэн 32 инчийн телевиз манай гэрийн хоймор залрах нь. Бүхий л хүмүүсийн оюуны боловсролын төлөө бүхнийг шамдуулах гэсэн санаачлагыг гаргасан маркетингийн алба, санхүүгийн албаныхад чинь баярлалаа гэж хэлье. Танай маркетингийн албанаас юм уу, борлуулалтын албанаас юм уу над руу утсаар яриад азтан болсон энэ агшинг дуулгахад хичнээн их баярласныг хүмүүс төсөөлөх ч үгүй байх. Магадгүй дуулгахгүй ч байж болох шүү дээ. Би өнөөдөр танай сониныг захиалах хоёр хүн дагуулж ирлээ. Энэ бол миний баярлаж байгаагийн илэрхийлэл. Мөн үнэхээр азтан тодордог юм байна гэдгийн гэрч юм шүү дээ. Танай сонины захиалагч бүр олон болоосой гэж хүсье.Танай сонины нийтлэлээс Олхонууд Шаабарын нийтлэл, их хаадын түүхийн цувралуудыг уншдаг юм. Бас хүүхдийн боловсролд зориулсан оюун ухаан хөгжүүлэх материалыг сонирхдог. Бүр илүү хөгжүүлж гаргаасай гэж хүсдэг. Хүн бүрийг захиалагч нь байгаасай гэж хүсч байна. Ер нь нас, нам харгалзахгүй уншууртай сонин. Би үүнийг азтан болчихоод зүгээр нэг баярласандаа хэлээгүй юм шүү. Энэ дашрамд Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын 11 болон 20 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа аав ээжийнхээ хамт олонд, шатрын багш Цэрэндорж, хөнгөний спортын Ганбаа багшдаа маш их баярлаж явдгаа илэрхийлээд, эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.Танай сонины хамт олонд ч гэсэн бүхий л сайн сайхныг хүсье. Та бүхнийг азын тэнгэр ивээг ээ.
Хэнтий аймгийн азтан Д.Сүхбаатар: Сонины бүх нүүрт уншууртай материал гардаг
-Өнгөрсөн бүтэн сайн өдөр телевизээр сугалааны тохирол явахыг үзэж амжаагүй. Малдаа яваад ирэх хооронд нэвтрүүлэг дууссан байсан. Манай шуудангийн дарга миний найз байгаа. Найз маань над руу залгаад “Үндэсний мэдээ” сонины захиалагч та азтан болж, LCD зурагтын эзэн боллоо” гэдэг юм байна. Юун түрүүнд л үнэн болов уу гэсэн бодол төрдөг юм билээ. Тэгээд “Үндэсний мэдээ” сонин руу залгаж асуусан. Азтан болсноо мэдээд маш их баярласан.Сэтгэгдэл их өндөр байна. Азтан тодруулах сугалаа ч шударга сайхан явагддаг юм байна. Анх “Үндэсний мэдээ” сониныг захиалахыг манай найз зөвлөж байсан. Ингээд захиалаад уншсан чинь унших юм сайтай сонин гэдэг нь илт мэдэгдсэн.Танай сонины бүх нүүрт уншууртай материал гардаг, шоу хөөгөөд байдаггүй нь надад таалагддаг. Зөвхөн надад ч биш танай уншигчдад таалагддаг байх. Манай хөдөөгийнхөн чинь сонин их уншдаг юм шүү дээ. Миний ойр тойрны хүмүүс “Үндэсний мэдээ” сониныг их захиалдаг. Танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн монголчууддаа “Үндэсний мэдээ” сониноо захиалж, шинэ соргог мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авч байхыг уриалъя.
Төв аймгийн азтан Д.Эрдэнчимэг: “Үндэсний мэдээ” уншууртай, үнэн бодитой мэдээллийг түгээдэг
-Жаргалтай түмний өлгий Жаргалант нутаг маань сайхан нутаг. Би энэ нутагт багш нарыг бэлтгэх сургуулийг төгсөөд очсоноосоо хойш 28 жил сурган хүмүүжүүлэх ажлыг хийж байна. Хоёрдугаар улирлаас “Үндэсний мэдээ” сониноо захиалсан. Долоо хоногт зургаан дугаар гардаг. Уншууртай, мэдээллийг үнэн бодитой нийтэлдэг учир би сонгож захиалсан юм. Тэгээд азтан болж, LCD зурагт хожлоо. Хожсоноо өөрөө мэдээгүй. Нутгийнхан маань баяр хүргэж, би азтан болсноо мэдсэн.Танай сониныг захиалж уншаад үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй авч, мөн дээрээс нь азтан болсондоо туйлын их баяртай байна. Жаргалант нутгийнхны минь үйлс өөдрөг байгаасай. Олон олон сугалаанд хожиж байгаасай гэж ерөөе. “Үндэсний мэдээ” сонины хамт олон болон танай уншигчдад эрүүл энх байж, ажил хөдөлмөртөө арвин их амжилт гаргахыг ерөөе.
Говь-Алтай аймгийн азтан Д.Ариунаа: “Үндэсний мэдээ” сонины байнгын уншигч байх болно
-Тэрээр манай сонины азтан болсон юм. Азтан маань өөрийн биеэр ирж LCD телевизорыг гардан авч амжаагүй ч азтаны маань хамаатан ирж, түүний шагналыг гардан авсан. Уншигч маань “Үндэсний мэдээ” сониныг нэгдүгээр улирлаас захиалж уншсан байна. Шагнал гардан авахаар явуулсан дүү С.Батцэнгэлдээ “Азтан болсондоо баяртай байна.Танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. “Үндэсний мэдээ” сонины байнгын уншигч байх болно” гэж сэтгэлийнхээ үгийг дайжээ.
Өмнөговь аймгийн азтан Д.Жумдаан: Танай сонины нийтлэлийн бодлого надад их таалагддаг
-Өмнөговь аймгаас азтанаар шалгарсан, манай сонины уншигч Д.Жумдаан азтаныхаа шагналыг өөрийн биеэр гардан авах боломжгүй байсан тул дүү Л.Хишигсүрэн нь гардан авлаа. Тэрээр дүүгээрээ дамжуулан “Үндэсний мэдээ” сонины редакцид захидал бичиж ирүүлсэн юм. Д.Жумдаан захидалдаа, “Би “Үндэсний мэдээ” сониныг хоёр улирал дараалан захиалж уншиж байна. Азтан болсондоо их баяртай байна. Танай сонины нийтлэлийн бодлого надад их таалагддаг. Цаашид байнгын захиалагч, уншигч тань байх болно. Намайг азтан болгосон А.Халиун охиндоо сурлагын өндөр амжилт хүсч байгааг минь дамжуулж хэлээрэй. Танай сонины хамт олонд ажлын их амжилт хүсье гэсэн юм.
Дорноговь аймгийн азтан Э.Батдорж: “Үндэсний мэдээ” үнэхээр үндэсний сонин болжээ
-Ах нь сум орон нутагтаа шар буурцагны сүү чанаж хүүхэд, хүмүүст өгдөг хүн. Энэ сүү нь хүний эрүүл мэндийн дархлааг сайжруулдаг эд л дээ.Тэгээд ах нь бодлоо. Аливаа зүйлийг бурхан хардаг л юм байна гэж бодож байна. Яагаад гэвэл танай сонины азтан болж орчин үеийн сайхан телевиз хожлоо. Өвгөн ах нь гэртээ энэ телевизээр шинжлэх ухааны олон сайхан нэвтрүүлэг үзнэ дээ. Танай сонин байгуулагдаад удаагүй ч хэвлэл мэдээллийн хувьд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн сонин. Ах нь танай сонины азтан болсондоо ингэж хэлж байгаа юм бишээ. Үнэхээр хүчтэй гарч ирсэн. Ялангуяа арын нүүрүүдийн нийтлэл, сурвалжлага үнэхээр даацтай байдаг. Шинжлэх ухааны цуврал нь сайхан санагддаг.
Би гэртээ сууж байтал утас дуугараад хаа байсан Өмнөговь аймгийн төвөөс миний арван жилийн багш байсан хүний гэр бүлийн хүн нь болох Ц.Бат-Өлзий гэдэг настай хүн залгаж мэдэгдсэндээ. Ингэж л азтан болсноо мэдлээ. Жирийн ард хүн ингэж хожлын азтан болсон нь хонжвор шударга болсны нотолгоо юм. танай сонин үнэхээр үндэсний сонин болжээ.
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн А.Бадамрагчаа: Нутгийнхан одоо хүртэл баяр хүргэсээр байна
-Би “Үндэсний мэдээ“ сонинг гарсан цагаас нь уншлаа. Өөрийн гэсэн өнгө аястай, уншихад нэг амар, аятайхан сониндоо. Сумандаа би зах дээр худалдаа хийдэг. Бараагаа янзалж байтал Дарханы төвөөс нэг танихгүй охин утасдаад “Та “Үндэсний мэдээ” сонины азтан болжээ” гээд баяр хүргэхээр нь итгээгүй юм. Тэгээд “Чи миний таньдаг охин уу” гэж асуутал “Үгүй” гэж байна. Гэхдээ танихгүй хүнд азтан болсны нь мэдэгдэж утасддаг сайхан сэтгэлтэй тэр охинд баярлалаа гэж хэлье.
Тэгээд л азтан болсноо мэдээд том хүүгээ дагуулаад ирлээ. Миний хүүхдүүд их баяртай байгаа. Шинэ телевизээ үзэхсэн гэж яарч байгаа гэсэн шүү, хүү минь. Ингээд танай сонины хамт олонд өөдлөн дэвжихийн ерөөл дэвшүүлье. Нээрээ нэг юм хэлэхээ мартаж. Нутгийнхан мааань одоо хүртэл баярын мэнд хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн азтан Ц.Оюун-Эрдэнийн ээж С.Цэвээн: Азтан шалгаруулна гэж мэдэж байсан ч энэ талаар бодож байсангүй
-Би танай сонины анхдагч уншигч гэж тодотгон хэлмээр байна. Охин маань анх танай сонинг худалдаанд гарснаас нь эхлээд захиалсан юм. Өнөөдөр миний охин байсан бол ямар их баярлах байсан бол. Ээжийнх хувьд маш их баяртай байна. Нэг үеэ бодвол ном сонин, сэтгүүл уншдаг залуус олон болжээ. Бидний үед ч ном сониноос салдаггүй байлаа. Нэг хэсэг юм уншдаг хүмүүс тун цөөн байсан бол харин одооноос залуучууд боловсролын түвшиндээ их анхаарч байгаатай холбоотой болов уу. Азтан шалгаруулна гэж мэдэж байсан ч энэ талаар бодож байсангүй. Зөвхөн уншигчийн байр сууриас хандаж байлаа. Манай охин одоо СБД-ийн 17-р дунд сургуульд сурдаг, би өөрөө хувиараа бизнес хийж байна. Оюутолгойн талаарх мэдээ мэдээлэл, нийтлэл хүн бүхний сонирхлыг татаж байгаа энэ цаг үед ард иргэдийн мэдье гэсэн тэр л нийтлэлүүдийг бичиж хүргэж чадаж байгаа төдийгүй, манай гэр бүлийн сонирхлыг үнэхээр татаж чаддаг. Энэ талаар бичдэг сэтгүүлч болон танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүье.
Чингэлтэй дүүргийн азтан Ц.Сүхбаатар: “Үндэсний мэдээ” сонин бол нам, эвсэл гэж хүмүүсийг талцуулдаггүй
-Би Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суудаг. УБТЗ-д 37 жил тасралтгүй ажиллаад 2004 онд тэтгэвэртээ гарсан. Анх “Үндэсний мэдээ” сонины туршилтын дугаар гарч эхэлснээс хойш тасралтгүй захиалан уншиж байна. Энэ сонины нийтлэлийн бодлого, нам эвсэл гэж хүмүүсийг талцуулдаггүй, хамгийн гол нь уншигчиддаа цаг үеийн мэдээллийг хурдан шуурхай хүргэдэгт нь талархдаг. Сониноо захиалаад хэрэгтэй мэдээллээ авахын зэрэгцээ азтан болсондоо их баяртай байна. Азтан болсноо хамгийн түрүүнд үр хүүхэд, гэр бүлтэйгээ хуваалцсан. Танай сонины хамт олон болон миний азтан болсон энэ баярт явдлыг хуваалцаж байгаа уншигчдадаа ажлын амжилт хүсье.
Завхан аймгийн азтан Ж.Эрдэнэбилэг: Азын тэнгэр алганд минь багтлаа
-Азтан болсонд баяр хүргэе. Мэдээж, та азын хишгээсээ ч илүүтэйгээр их мэдээлэл авч, оюуны таашаал хүртэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Юун түрүүнд би танай сонины “Иргэн бүр сэтгүүлч” хэмээсэн сэтгэлд дотно уриаг их хүндэтгэлтэйгээр хүлээн авдаг гэдгээ хэлье. Манай Завханы сум орон нутгийн иргэдийн яриа, сурвалжлага, мэдээ мэдээллүүд ч гардаг. Энэ нь хол буйдхан нутгийн бидэнд их хөөр, бахархал болдог. Миний бие “Үндэсний мэдээ” сониноо анх гарсан цагаас захиалж, шимтэн уншиж ирсэн анхны захиалагчдын нэг.
-Та ямар ажил эрхэлдэг вэ. Эхнэр хүүхэд тань азтан шалгаруулалтын үйл ажиллагааны талаарх сонин сайхан болон азын LCD зурагтаа хүлээж суугаа байх?
-Идэр сумандаа хувиараа худалдаа эрхэлдэг.Ам бүл 4. Эхнэр, хүүхэд маань жигтэйхэн баяртай байгаа. Би уг нь хувийн ажлаар хотод ирсэн байсан юм. Гэтэл азтан болсонд баяр хүргэе гээд л нутгаас хүмүүс утасдаад. Юу болов, юунд баярлаад байгаа юм гээд байлаа. Азтан болсондоо би ердөө итгээгүй. Манай нутгийнхан бие биеэрээ их тоглоом хийдэг л дээ. Үнэн юм уу, тоглоогүй биз гээд их лавлаж байгаа юм. Сонины редакцийнхандаа маш их баярлаж байна. Цаг үе ч их сайхан таарлаа. Би чинь хувийн ажлаа хөөцөлдөөд мэдсэн юм шиг хотод ирчихсэн байсан хүн.
-Та урьд нь азаа үзэж, азтан болж байв уу?
-Азтан болохын хувьд бол анх удаа. Тэгэхдээ бүр том юман дээр буулаа. /инээв/Урд өмнө нь олон сонин захиалж байсан. “Аз эвээг” гээд л үзээд байсан. Харин энэ удаа “Үндэсний мэдээ” сонин л надад болон миний гэр бүлд азын хур буулгалаа. Үнэхээр үнэнч шударга явуулдаг юм байна. Бид сонин захиаллаа гээд хэзээ ч буруудахгүй шүү дээ. Заавал азтан болсондоо ч биш. Хэн хүнгүй сайхан мэдээлэл авч, оюунаа тэлж байна. Улс оронд юу болж байна, улс төр, эдийн засаг, уул уурхай, урлаг, спорт гээд бүгдийг л сонирхож, өгөөжтэй юм хүртэж байна шүү дээ. Дахин хэлье, хамгийн гол нь тун үнэнч шударгаар азтанаа шалгаруулдаг юм байна. Их баяртай байна. Азын зурагт гэдэг гайхалтай, азын тэнгэр минь ивээж эхэллээ гэж их билэгшээж байна.
-Магадгүй, “булган сүүлтэй” гэгчээр араасаа олон олон азтан дагуулах байлгүй дээ?
-Сайхан билэг дэмбэрэл байна. Энэ жил биш юм гэхэд, дараа дараагийн жил ч бай зурагт, бүр машин ч хожихыг хэн байг гэхэв. Аавын хүүгийн аз гарт багтаад ирдэг л юм байна.
-Аймаг сумдад хүргэх зорилготой манай сонины тойм хувилбарыг хөдөө орон нутгийнхан их захиалдаг. Идэр сумын иргэд хэвлэл мэдээлэлд хэр шунадаг вэ?
-Сүүлийн үед эрс нэмэгдсэн шүү. Манай Идэрийн шууданч Баасандорж гэж залуу бий. Их идэвхтэй,“сонин хэвлэлээ захиалаач” гээд л явж байдаг юм. Түүнд бас баярласнаа илэрхийлэхэд таатай байна. Ганц сум, орон нутгийн иргэдээр тогтохгүй, улсынхаа нийт ард түмэнд “Үндэсний мэдээ” сониноо шимтэн уншаарай гэж захья. Завхан нутгийнхан болон Идэрийнхэндээ аз жаргал хүсч, азын тэнгэр үүрд ивээг гэж ерөөе гэв.
Энэ удаагийн азтанууд ийн ярилаа. Харин дараагийн азтан та ч байж болох юм. Манай сонин энэ удаад LCD зурагтын азтанг тодруулсан яг энэ зарчмаар ирэх есдүгээр сарын 8-нд аймаг бүрээс нэг, Улаанбаатар хотоос дөрвөн азтан, нийт 25 уншигч захиалагчийг тодруулан автомашин бэлэглэх юм. Тиймээс уншигч та бүхэн яг одоо явагдаж байгаа гуравдугаар улирлын хэвлэл захиалгад амжиж “Үндэсний мэдээ” өдөр тутмын сониноо захиалаад, 25 автомашины супер дээд шагналын 10 ширхэг сугалааг бэлгэнд авах хамгийн сүүлчийн боломжийг бүү алдаарай. Та “Үндэсний мэдээ” сонины өдөр тутмын хувилбарыг 15,900 төгрөгөөр, тойм хувилбарыг 6,900 төгрөгөөр аль ч шуудангийн салбараас захиалах боломжтой. Хэрвээ танд ойрын өдрүүдэд “Үндэсний мэдээ” өдөр тутмын сонины дугаар үнэгүй хүргэгдэж очвол битгий гайхаарай. Учир нь тус сонин өөрийн нийтлэлийн бодлогыг танилцуулах үүднээс нэг ширхэг сонинг танд бэлэглэж байгаа юм шүү.
“Үндэсний мэдээ” сонины маркетинг, сурталчилгааны албаны дарга Т.Оргил: “Телевиз, машин өгөхдөө гол нь биш, уншигчдын оюуныг мялааж байгаад ач холбогдол нь оршиж байна”
“Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин ганцхан улирлын дараа буюу есдүгээр сарын 8-д амлаж байсан супер дээд хонжвор болох 25 автомашины азтанаа шалгаруулах гэж байна. Үүнээс яг нэг улирлын өмнө 25 ширхэг, 32 инчийн LCD зурагтыг 25 автомашины их сунгаа болгон азтай захиалагчиддаа бэлэглэлээ. Сугалааны тохирол энэ сарын 17-нд ТВ-5 телевизээр явагдаж, 21 аймаг тус бүрээс нэг, Улаанбаатар хотоос дөрвөн азтан тодорсон юм. Энэ талаар тус сонины маркетинг, сурталчилгааны албаны дарга Т.Оргилтой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Сонины зүгээс уншигчдадаа 25 ширхэг LCD зурагт өглөө. Азтан тодруулах үйл явц ямар журмаар явагдсан бэ. Хэр шударга болсон гэж үзэж байна?
-Сугалаа сонин дээр хэвлэгдэж очсон. Уншигчид хайчилбарыг шуудангаар илгээсэн юм. Эдгээрийг тус сонины хамт олны хараа хяналтад хайрцаглаж, энэ сарын 17-нд ТВ-5 телевизээр азтанаа тодруулсан. Ямар нэгэн лобби орох боломжгүй маш шударга явагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ч сонины азтан болсон хүмүүсийн сэтгэгдлээс харагдаж байлаа.
-Сониноо захиалж мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахын зэрэгцээ азтан болно гэдэг хэн хүнд тохиохгүй ховор явдал. Сонины өдөр тутмын хувилбарыг 15900, тойм хувилбарыг 6900 төгрөгөөр захиалсны хариуд хонжвор хожно гэдэг сайхан юм. Азтанууд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэдэн жилийн өмнө хонжвортой сонин олон байсан. Сүүлийн үед ийм хонжвортой, ийм маркетинг хийж байгаа сонин байхгүй. Хойшид ийм хонжвортой, ийм маркетинг хийгдэхгүй. Манай сонины зүгээс телевиз, машин өгөхдөө гол нь биш. Уншигчдын оюуныг мялааж байгаад ач холбогдол нь оршиж байна. Өөрт хуучиршгүй мэдээ, мэдээллийг авахын зэрэгцээ олон сугалаагаар оролцож байгаа нь хүмүүсийн азтан болох боломжийг илүү нэмэгдүүлж байгаа юм. Азтан болсон хүмүүс их сэтгэл өндөртэй байсан. Хөдөө орон нутгаас, бүр Баян-Өлгий аймгаас азын хонжвороо авах гэж зорьж ирсэн хүн байсан. Хүмүүс манай сонины нийтлэлийн бодлого сайн, уншууртай, хүнд хэрэгтэй мэдээллийг агуулдаг хэмээн ам сайтай байна.
-Азтан болсон хүмүүсийг харахад ихэвчлэн ямар насныхан байна?
-Нас, насны хүмүүс байна. Хамгийн ахмад нь 70 гарсан хүн байхад хамгийн залуу нь 20 орчим насны охин байсан. Энэ бол “Үндэсний мэдээ” сонин бүх насныханд зориулсан сонирхолтой мэдээ, мэдээлэл хүргэж чаддагийг харуулсан явдал юм.
-Удахгүй есдүгээр сарын 8-нд 25 автомашины азтанг тодруулна. Энэ талаар тодруулбал?
-6900 төгрөгөөр сониноо захиалж, зургаа, долоон сая төгрөгийн машин хожно гэдэг дахин давтагдашгүй боломж. Уншигч өдөр тутмын сонинг бүтэн жилийн турш захиалсан бол 24 сугалаа, тойм хувилбарыг захиалж байсан бол 12 ширхэг сугалаагаар автомашины хонжворт оролцох боломжтой юм. Харин гуравдугаар улирлаас эхлэн захиалж байгаа шинэ уншигчид тойм хувилбарын тав, өдөр тутмын арван сугалаагаар хонжворт оролцох боломжийг гаргаж өгч байгаа юм. “Үндэсний мэдээ” сонин 25 автомашин уншигчиддаа өгөх болсноор түүхэнд анх удаа өндөр шагналтай өдөр тутмын сонин болж байгаа юм.
Ө.Хатантуул
Сэтгэгдэл ( 0 )