Б.Сэр-Од Олимпын тугчаар тодорчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Олимпын наадмын нээлтийн ёслолд Төрийн далбаагаа барьж жагсах нь тамирчин хүнд ховор бөгөөд хүндхэн ажил юм. Монголын үндэсний Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл ээлжит хурлаараа Лондонгийн олимпын наадмын нээлтэнд Монголын баг тамирчдын нүүр царай болж, төрийн далбаагаа барин алхах эрхэм үүргийг гавьяат тамирчин Б.Сэр-Одод хүлээлгэжээ. Ийнхүү Монголын спортын түүхэнд анх удаа марафон гүйлтийн тамирчин олимпын тугчаар явахаар боллоо.

Ирэх олимпын наадамд эх орон, ард түмэн, эх орноо төлөөлөх шигшээ багийн тугчаар тодорсон Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Олимпийн наадамд оролцох баг тамирчдын салхийг хагалж, хамгийн түрүүнд олимпын эрхээ авсан тул түүнд ийн хүндэтгэл хүлээлгэсэн юм. Түүнчлэн Олимпын хөтөлбөрийн дагуу марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн тэмцээн Олимпын хамгийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 12-нд болно. Харин Олимпын нээлтийн ёслолд оролцож буй тамирчин нь ёслол эхлэхээс дуусах хүртэл хэдэн цагийн турш зогсоож, ядрах тул олимпын хамгийн сүүлийн өдөр “өрсөлдөөний талбарт” гарах хуваарьтай Б.Сэр-Одыг сонгосон нь учиртай аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top