Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас Монгол улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын байдлаар 128 орны 42000 гаруй гадаадын иргэн Монгол улсад хувийн хэргээр оршин сууж байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хүртэл хувь байж болно” гэсэн заалт байдаг. Харин цагаач иргэдийн хувьд хуулиар зөвшөөрснөөр 14058 байдаг бол өнөөдрийн байдлаар 2076 хүн оршин сууж байна. Түүнчлэн гадаадын есөн иргэн Монгол улсын харьяат иргэн болжээ. Энэ сарын байдлаар 813 гадаадын иргэнд захиргааны арга хэмжээ авч, мөн 18 иргэнийг Монгол улсаас гарахыг түдгэлзүүлэн, 224 иргэнийг албадан гаргасан. Түүнчлэн гадаадын иргэд ажилладаг 390 аж ахуй нэгж байгууллагад 103 удаа хяналт шалгалт хийж, 1992 иргэний бичиг баримтыг шалгаж, гарсан зөрчилд хуулийн дагуу 350 сая 800 гаруй мянган төгрөгийн торгууль ногдуулан улсын төсөвт төвлөрүүлжээ.
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.
-Сүүлийн үед сонин хэвлэлээр манай улсад оршин сууж буй урд хөршийн иргэдийн тоо хуульд зааснаас хэтэрсэн гэх мэдээлэл гарч байна. Яг бодит тоог хэлбэл?
-Өнөөдрийн байдлаар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн нийт тоо 42076 байгаа. Эдгээр иргэдээс дийлэнх буюу 27496 нь хятад иргэд юм. Энэ улсын хувьд нэг улсын иргэн нэг хувь гэдэг маань 28116 байх ёстой гэсэн үг. Энэ тоо нь хэрээс хэтэрсэн тоо биш ч гэлээ байх ёстой хэмжээтэй ойролцоо. Тиймээс манай байгууллага энэ тоог барих арга хэмжээг цаашдаа авна.
-Энэ тоог хэрхэн бууруулах вэ?
-Үүнийг виз олгохгүй байх мөн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгөхгүй байх асуудлаар зохицуулна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодог Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамтай бид ярилцана. Тэгж байж энэ тоон харьцааг барина. Хэрэв энэ тоонд хүрэх юм уу давах юм бол зохицуулалтын асуудал хийнэ. Монгол улсад барилга, зам засварын гэх зэрэг гурав, дөрвөн сарын ажил байдаг. Гэхдээ энэ тоо нэмэгдэхгүй харин бага багаар буурсаар байх болно.
-Жуулчны визээр Хятад иргэд орж ирдэг гэх мэдээлэл байна. Саяхан 500 гаруй хятад иргэн орж ирсэн гэсэн, энэ үнэн үү?
-Жуулчны визээр Монгол улсад хөдөлмөр эрхлэх явдлыг зогсоосон. Тэр 500 гаруй иргэд Засгийн газраас баталсан тогтоолоос квотын дагуу зөвшөөрөл аваад хөдөлмөр эрхлэх визтэй иргэд юм.
-Гадаадын иргэд иргэний үнэмлэх хуурамчаар авч ашигласан гэдэг нь хэр бодитой мэдээлэл вэ?
-Монгол Улсын иргэний үнэмлэхийг манай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газраас олгодоггүй. Тэдэнд манай улсад оршин суух цахим хэлбэрийн үнэмлэх өгдөг. Энэхүү үнэмлэхийг удаан хугацаагаар оршин сууж буй цагаач, хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч, суралцагч гэх мэтээр долоон төрлөөр олгодог. Энэ үнэмлэх нь 14 төрлийн нууцлалтай учраас хуурамчаар үйлдэх боломж байхгүй. Урьд нь гадаад иргэдийн иргэний үнэмлэх дээр нь оршин суух зөвшөөрлийн тамга дараад, түүн дээрээ бичилт хийдэг байсан. Энэ үед хуурамчаар үнэмлэх үйлдэх тохиолдол гардаг байсан учраас тусгай үнэмлэх олгох системд шилжсэн.
-Хилээр нэвтэрч буй гадаадын иргэдээс бичиг баримтын зөрчил хэр их илэрдэг вэ?
-Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад нэвтрэх визгүй, ирсэн зорилго тодорхойгүй, бусад шалтгаанаар 30 гаруй орны 1299 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй буцаасан. Гадаадын иргэдийг албадан гаргасан байдлыг оноор нь авч үзвэл
2005 онд 1,
2006 онд 2,
2007 онд 1496,
2008 онд 2269,
2009 онд 2575,
2010 онд 1272,
2011 онд 924 хүнийг тус тус гаргажээ.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт томоохон эдийн засгийн гэмт хэрэгт үйлдсэн гадаадын иргэд хилээр оргон зайлсан тохиолдлууд мэр сэр бий. Ийм хэрэг дээр цагдаагийн байгууллагатай хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байна вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хилээр зорчих бичиг баримтыг манай Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар хадгалдаг болсон. Түүнчлэн 26 боомтод 11 алба 8 төлөөлөлтэй ажиллаж байна. Хилийн бүсэд хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа. Хэрэгт сэжиглэгдсэн гадаадын иргэдийн талаар цагдаагийн байгууллагатай нягт холбоотой ажилладаг. Цагдаагийн байгууллагаас манайд тодорхой хэмжээний мэдээлэл өгсний дагуу мэдээллийг сүлжээндээ оруулж, хяналт тавин ажилладаг.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын ажиллагаа явуулахыг завдсан тохиолдол байдаг уу?
-Тагнуулын ерөнхий газраас Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, завдсан гэсэн үндэслэлээр хоёр хүнийг сэжиглэсэн. Манай байгууллага сэжиглэгдсэн хоёр хүнийг Монгол улсын нутаг дэвсгэрээс албадан гаргасан.
-Аль улсын иргэд байсан бэ?
-Улсын нууцад хамаарах мэдээлэл учраас хариулах боломжгүй.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 1 )
2016 onii niitlel uu