Өнөөдөр Олон улсын олимпын өдөр, Монголын тамирчдын баярын өдөр тохиож байгаа билээ. Үүнийг тохиолдуулан Монголын спортын салбарынхан Лондонгийн олимп, паралимпад оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ 10:30-д эхэлсэн бөгөөд спортын салбарын үе үеийн төлөөллүүд Сүхбаатарын талбайд цэцэг өргөснөөр албан ёсоор эхлэнэ. Уламжлал ёсоор Лондонгийн олимп болон паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад зориулж, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.00 цагт тамирчдад амжилт хүсч үг хэлэх юм. “Лондон-2012” олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, Шадар сайд М.Энхболдод Монгол улсын төрийн далбааг хүлээлгэн өгөх юм. Харин Шадар сайд Монголын багийн тугч, Гавьяат тамирчин Б.Сэр-Одод төрийн далбааг шилжүүлнэ. Мөн Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн ирүүлсэн илгээлтийг уншиж, танилцуулахаас гадна Лондонгийн олимпын наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа нар тангараг өргөх ажээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )