Энэ сарын 28-ны өдөр УИХ-ын болон НИТХ-ын сонгууль болох билээ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьт өөрчлөлт орлоо. Нийтийн тээврийн том, бага оврын автобуснууд сонгууль өгөх өдөр буюу ирэх пүрэв гаригт 06.30-22.30 цагт үйлчлэнэ. 592 том оврын автобус, троллейбус үндсэн 61 чиглэлд явах бөгөөд хот орчмын 13 чиглэлд 49 автобус, зуслангийн гурван чиглэлд дөрвөн автобус, туслах 20 чиглэлд бага оврын 205 автобус, нийтдээ 853 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах ажээ. Нийслэлийн нийтийн тээврийн газраас нийтийн тээвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад автобусны техникийн бүрэн байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосон байна.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )