Европ технологиор агаарын бохирдлыг бууруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Европын орнуудад амжилттай хэрэгжиж буй нэгэн шинэ технологи хувь нэмрээ оруулах гэнэ. Бага болон дунд эрчим хүчний хэрэглээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНЧУ-ын -"Бакро" компани хоёр жилийн өмнөөс манайд эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдлыг бууруулах, утааг бүрэн шаталтад оруулах судалгааг хийж эхэлсэн байна. Тэд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэсэг өрхийн энгийн зуух, ханан пийшинд Бокра яндангийн төхөөрөмжийг суурилуулж, түлшний хэмнэлт болон хорт утааны багасалтыг хэмжжээ. Ингэхэд эрчим хүчний хэмнэлт хамгийн багадаа 19 хувьтай гарсан бөгөөд цаашид энэ хэмнэлтийг 30-50 хувьд хүргэх боломжтой гэж чех мэргэжилтнүүд тооцож байгаа юм.

Туршилтын үр дүн сайн гарсан учир Бакрогийнхон Тан хийц" компанитай хамтран "Бакро хийц" хэмээх хамтарсан компани байгуулж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд төвлөрсөн халаалт эхэлдэг үе буюу есдүгээр сарын 15 гэхэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөн ажилдаа оржээ. Энэ яндан нь агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийлүүлж буй турк зууханд ч нийцэж, хэмнэлт дээр нэмж хэмнэлт бий болгох аж. Хэдийгээр нийслэлийн зүгээс зуух тараах ажлыг оновчтой шийдэл гэж үздэггүй, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зөв арга зам нь гэр хорооллыг барилгажуулах гэж үздэг хэдий ч асуудал шийдэгдтэл авч буй олон арга хэмжээний нэг болох энэхүү технологийг дэмжинэ гэдгээ нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Бакрогийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзахдаа хэлсэн юм.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top