Манай улсад 23 мянган хятад иргэн хөдөлмөр эрхэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Манай улсад ажиллаж байгаа гадаадын иргэдийн талаар Гадаадын Иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа.

-Манай улсад БНХАУ-ын иргэд олноор ирж байгаатай холбоотойгоор хэрэг түвэг их гардаг шиг санагддаг?
-Уул уурхайн бүтээн байгуулалт, Мянганы хөгжлийн сорилтын сангийн төсөл, төмөр замын дэд бүтцийг тавих, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зэрэг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд гадаадын иргэд нэлээд орж ирж байгаа. Үүний дотор Хятад улсын иргэд олноор ирж байгаа нь Нууц биш. Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн гэх хоёр боомт мөн Замын-Үүдээр Хятадууд орж ирдэг. Ингэхдээ автозамаар эсвэл галт тэргээр зорчин ирдэг. Нэг галт тэрэгний жолооч "Гадаадын иргэд ерөнхийдөө дөрөвдүгээр сарын эхээр орж ирээд зургаадугаар сарын 10 гэхэд жигдрээд ажилдаа ордог. 500 гаруй хятад иргэд жуулчны визээр орж ирлээ" гэсэн ярилцлага өгсөн байсан. Тус мэдээллийн дагуу бид тэр жолоочтой уулзсан. Монгол Улсад жуулчны визээр орж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ байдлыг зогсоосон. Тэр 500 иргэн Засгийн газраас баталсан тогтоолын дагуу зөвшөөрөл аваад, хөдөлмөр эрхлэх эрхтэйгээр визээ аваад орж ирсэн байсан. Зарим хүмүүсийн хувьд сонгууль болох гэж байгаатай холбоотой Монгол Улсад маш олон тооны гадаадын иргэд орогноод байна гэж ярьдаг. Энэ бол бодитой тоо биш. Бид байнга судалгаа хийн хянаж байдаг.

-Ямар ч улс гадныхан нийт иргэдийн нэг хувь л байх ёстой гэсэн заалт байдаг. Гэхдээ энэ заалт хэрэгжихгүй байгаа юм шиг?
-Нэг улсын иргэн нэг хувь байх ёстой гэсэн заалт байгаа. БНХАУ-ын хувьд 27496 иргэн бий. Үүнээс хөдөлмөр эрхэлж байгаа 23 мянган орчим иргэн байна. Энэ тоо нэмэгдэхгүйгээр буураад явна. Нэг улсын иргэн нэг хувь гэсэн дүрмээ барьж, виз олгох асуудлыг хязгаарлана. Цаашдаа манай улсын бүтээн байгуулалттай холбоотой асуудал нэлээд өргөжиж байгаа учир хуулинд нэмэлт оруулах ба нэг хувь гэдэг заалтыг давсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ХЗДХЯ-тай хамтраад хуулийн төсөл боловсруулж байгаа.

-Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилчдын хувьд?
-Оюутолгойд энэ жил Засгийн газрын тогтоолоор нийт ажиллах хүн 11510 мянга хүрсэн гэж тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа 4659 иргэн байна. Орж ирээгүй байгаа 5323 иргэн бий. Бид Оюутолгойгоос ажлын графикийг нь авсан. Ерөнхийдөө 6000 мянгаас хэтрэхгүйгээр гадаад ажилчдын тоо буурахаар үзүүлэлт харагдсан.

-Манай улсад томоохон хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн талаар хувийн мэдээлэл танай байгууллагад хэр байдаг вэ. Мөн хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийг олох тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг уу?
-Монгол Улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийг оргон зугтаж болзошгүй гэсэн асуудлаарх хуулийн зохицуулалт сүүлийн үед нэлээд сайжирч байгаа. Тухайлбал, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад шалгаж байгаа гадаадын иргэний бичиг баримт буюу паспортыг манай байгууллагад хадгалуулж байх хуулийн зохицуулалт гарсан. Улсын хэмжээнд 43 боомт тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ боомтуудаас манай албанаас 26 боомтод ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 26 хилийн боомтод сүлжээ холбогдсон гэсэн үг. Хилээр ямар хүн хэзээ орж ирэв, ямар виз, хугацаатай орж ирэв, хэзээ гарав зэргийг бид хянаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийн талаар цагдаагийн байгууллагатай байнга хамтарч ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Украин улсын иргэд хуурамч ID картаар Хаан банкнаас их хэмжээний мөнгөн хохирол учруулсан хэрэг гарсан. Буянт-Ухаа боомтоор орж ирсэн хүмүүсийг шалгаж байж бүр буудлынх нь хаягийг олж Цагдаагийн хэлтсийнхэнд өгсөн. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллага, манай байгууллага хоёр маш сайн холбогдож ажилласан.

-Манай улсад байх хугацаа нь дууссан ч амьдарсаар байгаа Хятадууд олширч байна. Энэ талаар?
-30 хоногоос дээш хугацаанд Монгол Улсад зорчиж байгаа иргэд бол орж ирснээсээ хойш долоо хоногийн дотор заавал гадаадын харьяатай иргэд бүртгэх газар бүртгүүлэх ёстой. Бүртгүүлчихээд зарим нэг нь манай улсад удаан суухаар бол манай байгууллагаас зөвшөөрөл авах ба хяналтын ID карт өгдөг болсон. Харин 30 хоног дотроо Монгол Улсад орчихоод гарч байгаа хүмүүсийг бид сүлжээгээрээ л бүртгэдэг.

-Гадаадын иргэд Монгол Улсын иргэний үнэмлэх хууль бусаар гаргасан гэсэн?
-Монгол Улсын иргэний үнэмлэхийг манай байгуул­лага олгодоггүй. Үүнийг УБЕГ олгодог. Гадаадын иргэнд бид оршин суух зөвшөөрлийг нь олгохдоо ID карт өгдөг болсон. Энэ карт 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс олгогдсон. Удаан хугацаагаар оршин суух иргэдийн хувьд гарын хурууных нь хээ, хаягийн бүртгэл, аль байгууллагад ажилладаг, урьд нь ирж бай-сан гэх мэт бүх мэдээллүүд байгаа.
Энэ картыг хуурамчаар үйлдэх ямар ч нөхцөл байхгүй. энэ карт нь 14 төрлийн нууцлалтай. Дотроо долоон өнгө байгаа. Тухайлбал, Хөх өнгийн карт нь Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүнд, шар нь хөдөлмөр эрхлэгчдэд, цагаач иргэдэд ногоон карт, суралцагсад ягаан өнгөтэй карт эзэмшдэг байгаа. Үүнийг зөөврийн төхөөрөмжөөр шалгадаг. Урьд нь гадаадын иргэдийн паспорт дээр нь оршин суух зөвшөөрлийг дараад, бичилт хийдэг байсан. Иймээс хуурамчаар үйлдэх тохиолдол их гарч байсан.

-Филиппин улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог уу? Сүүлийн үед манай улсад их орж ирэх болсон?
-Филиппин улсын иргэд Монгол Улсад 21 хоног виз­гүй зорчих эрхтэй. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэд Филиппинд нэг cap визгүй зорчдог. Сүүлийн үед Филиппин иргэд харлаад гэрийн үйлчлэгч хийх. хүүхэд асрах асуудал их гарах болсон. Үүнийг бид журамлаж байгаа. Энэ байдал бүрэн хяналтанд орсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 441 Филиппин иргэн байна Эдгээр иргэдээс 325 иргэн хөдөлмөр эрхлэгч. Гэхдээ тэдний ихэнх нь Оюутолгойд хөдөлмөр эрхэлдэг инженер, техникч хийж байгаа.

Г.Мянгаа

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top