Сонгуулийн хугацаа дуусч санал өгөх өдөр ойртсоор байна. УИХ-д олон санал авах гэсэн намууд арга саам хэрэглэн Иргэний бүртгэлийн газрынханыг хүртэл атгандаа авч иргэдийн хаяган дээр хүмүүсийн нэрийг нэмж оруулах зэргээр ажиллаж эхэлсэн. Мөн төрийн байгууллагуудын дарга нар ажилчдаа дарамтлан өөрийн дэмждэг намд санал өгөхийг хатуухан анхааруулж эхэлсэн байна. Энэ нь ялангуяа орон нутгаар ажиглагдах болжээ.
Энэ жилийн сонгуульд иргэд хурууны хээгээр санал өгөх учиртай. Гэтэл Засаг дарга нар болон төрийн байгууллагын дарга нар өөрсдийн харьяанд байдаг хүмүүсийг “Тэр намд л саналаа өгөөрэй. Эс тэгвээс хурууны хээгээр чинь хөөгөөд аль намд санал өгсөнийг чинь олоод арга хэмжээ авна” хэмээн дарамталж байгаа гэнэ. Тэгэхээр төрийн байгууллагад ажилладаг хэн нэгэн өөрийн хүссэн хүнд саналаа өгч чадахгүйд хүрээд байна. Мэдээж ганц саналаас болж ажил амьдралгүй болохыг хүсэх хүн байхгүй учир даргынхаа хэлсэний дагуу саналаа өгөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо анхааралдаа авч сонголтоо өөрийн эрхийн дагуу хэний ч дарамт шахалтгүйгээр өгөх боломжийг орон нутгийн иргэдэд олгох хэрэгтэй байна.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )