Камертон хамтлагийн удаан хүлээлгэсэн арван долоон насны төрсөн өдрийн баяр I loft function house-т 19 цагаас эхлэх байсан ч хамтлагийн гишүүн Ганаагийн бие чилээрхсэний улмаас 2 цагийн дараа эхэллээ. Гэсэн ч фенүүд нь тэднийг тэвчээртэй хүлээсний эцэст хүсэн хүлээсэн мөч ирж хамтлагийнхан тайзнаа гарч ирсэн. Тэд удаан хүлээлгэсэн фенүүддээ “Бидэнтэй үргэлж хамт байсан бүх фенүүддээ маш их баярлалаа” хэмээн чин сэтгэлийн дулаан үгээр тоглолтоо эхэлсэн юм.
Арван долоон настай Камертоныхонд зориулсан гэнэтийн бэлгүүд
Тус хамтлагийн төрсөн өдөрт “Гурван охин” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Хамтлагийн гишүүн Анхмаа нярайлснаасаа хойш анх удаа тайзан дээр гарч байгаа бөгөөд “Надтай хамт өглөөг угтаач”, “Hot disco” дуунуудаараа төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэсэн юм. Мөн “Камертон-2” шоуны 4-р шатанд шалгарч үлдсэн шилдэг 21 оролцогчид "18 нас", "Хотын гудамж" дуунуудыг дуулснаас гадна "Чка өдөр"-ийн үгийг өөрсдөө зохион дуулж төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн юм. Мөн "Камертон-2" шоуг зохион байгуулагч Боловсрол суваг телевизийн Music box нэвтрүүлгийнхэнтэй хамтран гэрэл зургийн цомгийг бэлэглэлээ.
Төрсөн өдрийн хамгийн сайхан мөч
Камертоныхон төрсөн өдрийн баяраа “Арван найман нас” хэмээх сайхан дуугаараа эхлүүлсэн юм. Хамтлагийн гишүүн Эбагийн сэтгэл хөдлөж “ойрд энэ дуугаа дуулаагүй ямар сайхан байна вэ, дөрвүүлээ дахиад нэг дахилтаа явчих уу” хэмээх хамтлагийнхандаа санал тавьснаар сайхан дууг нь дахин сонссон билээ. Тэд төрсөн өдрийн энэхүү баяртаа ирсэн бүх зочид фенүүддээ зориулан “Хайрлая чамайгаа”, “Би чамд хайртай”, Ганаагийн зохиосон “Sexy girl”, “Хунгийн дуу” гэх мэт үе үеийн сайхан дуунуудаа дуулж фенүүддээ бэлэг барьсан юм. Мөн өөрсдийн бие даасан соло уран бүтээлүүдээ хүргэж сонсогч фенүүдтэйгээ нэгэн оройг хамтдаа маш сайхан өнгөрүүллээ. Тоглолтын үеэр хамтлагийнхан шүтэн бишрэгчдэдээ зориулж нэгэн сайхан мэдээ сонсгосон нь тэдний удахгүй гаргах шинэ цомог байлаа.
Мээдээгийн сьюрприз
17 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хамтлагийн гурван найздаа Мээдээ алд цэнхэр хадгаа мөнгөн аяга дүүрэн оргилуун дарстай өгсөн юм. Үүнийгээ тэрээр орчин үед оргилуун дарс хийж өгдөг болсон хэмээн тэрүүхэндээ хошигноод авсан. Хамтлагийн хамтран зүтгэгч “Азийн цээл хоолойтон Ганаадаа, мөн манай хамтлагийн хамгийн зөөлөн сэтгэлтэй Эбадаа хэмээн сэтгэлийн үгтэй бэлгээ гардуулсан.

Арван долоон жилийн дараах хамтлагийнхны “хамгийн хамгийн”
Арван долоон жил урлагийн тогоонд хамтдаа зүтгэсэн Камертон хамтлагийнхан төрсөн өдрийн баяраараа хамтлагийн “хамгийн хамгийн”-аа нэрлэсэн юм. Хамтлагийн гишүүн Эбаг хамгийн нийтэч, маш олон найзтай, төвийг сахисан гэсэн бол Ганааг түргэн ууртай нь хэмээн тодорхойлсон. Камертон гээд зарлахад утас руу нь залгахад одоо гэрээсээ гарч байна гэж хариулдаг хамгийн тайван хүн бол Мээдээ. Ер нь манай хамтлагийн “ээж” хэмээн тодорхойлсон бол хамтлагийн ахлагч Болдыг “хүүхэд айлгагч”-аар тодруулсан юм.
Фенүүдийн дундах хөгжилтэй тэмцээн
Үзэгчдийн дундаас зоригтой дөрвөн бүсгүйг тайзан дээр урилаа. Фен бүсгүйчүүд дунд “Камертон хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ” гэсэн тэмцээнийг зохиосон юм. Тэмцээний ялагчийг үзэгчдийн алга ташилтаар шалгаруулсан бөгөөд Энхгэрэл хэмээх бүсгүй тун эвлэгхэн дуулж тус тэмцээнд түрүүллээ. Ялагч бүсгүйд болон тэмцээнд оролцсон бүх бүсгүйчүүдэд Камертон хамтлаг 17 жилийн турш гаргасан бүх цомгоо бэлэглэсэн нь ёстой гэнэтийн бэлэг болсон юм.
Камертон хамтлагийн талархал
Камертоныхон тоглолтынхоо үеэр өөрсдөд нь туслаж дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархлаа дэвшүүлсэн юм. "Тэд бидэнтэй 17 жил үргэлж хамт байсан бүх үнэнч фен, гэр бүл болон бидний дараагийн үе болох "Камертон-2" шоуг хамтран зохион байгуулж байгаа Боловсрол суваг телевизийнхэндээ маш их баярлалаа. Мөн бидний өрсөлдөгч байж биднийг хурцалдаг “Номин талст” хамтлагийнхандаа маш их баярлалаа" хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ.
Гурван охин хамтлагийн ахлагч Соло:
-Камертон хамтлагийн төрсөн өдрийн баярт ирсэндээ үнэхээр баяртай байна. Миний хувьд тэдний бүх дууг нь цээжээрээ мэддэг, тоглолтуудыг нь алгасахгүй үздэг улаан фен нь байсан. Та нартаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Soul mate crew:
-Үнэхээр сайхан байна. 17 жилийн өмнө энэ хамтлаг төрж байсан. Тэр үеэс миний хүсэл мөрөөдөл хамт төрж байж дээ гэж одоо бодож байна. Камертон хамтлагийг шүтдэг байсан хэрнээ анх удаа амьд тоглолтыг нь үзэж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Камертоны дотны найзууд
- Анхны дуунуудаас авахуулаад бүгдийг нь мэднэ. Манай найзууд одоо уран бүтээлийн яг ид үе дээрээ явж байна. Өнөөдрийн төрсөн өдрийн баяр маш сайхан болж байна.
- Өнөөдөр маш гоё байна. 18-тай байхад минь 18 нас гээд дуу нь гарч байсан. Тэрнээс хойш ийм том болтлоо одоог хүртэл сонсож байна. Энэ бүх хугацаанд баяр гуниг, бахархал бүгдтэй минь Камертон хамтлагийн дуунууд хамт байсан. Өнөөдөр бүгдээрээ гоё залуучууд болсон байна. Амьдрал дээр найзууд хэдий ч уран бүтээлийнх нь хамгийн том шүтэн бишрэгчид нь. Найзууддаа 17 жилийн ойн баярын мэнд хүргэе.
- Бид нар хар багын найзууд л даа. Одоо бол гэр бүлээрээ найзалдаг. Найзууддаа 17 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Фенүүдийн сэтгэлийн үгс
-Анх арван жилээсээ сонсч эхэлсэн. Өнөөдөр маш гоё байна. Сэтгэл их хөдлөж байна. Хоёр давхар луу гарч хамтлагийнхантай зургаа авахуулсан нь маш сайхан байлаа. Тэд нартаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
-Камертоныг 10 жилээсээ эхлэн сонсч эхэлсэн. Хайрт Камертоныхондоо төрсөн өдрийн гал халуун баярын мэнд хүргэе.
-Гайхалтай өдөр болж байна. Миний хувьд June 2004 цомог гарснаас хойш сонсч эхэлсэн. Бүгдэд нь маш их хайртай шүү. Мөн “Камертон-2”-ын оролцогчдодоо амжилт хүсье. Үнэхээр сайн дуулдаг хүүхдүүд байна лээ.
-Өнөөдөр Камертон хамтлагийн төрсөн өдөр маш сайхан болж байна. Сүүлчийн тоглолтыг нь үзээд л улаан фен нь болсон. Энэ хамтлагийн дуунуудаас сайхан хайрыг олж авдаг.
-Маш гоё болж байна. Нэлээн удаан хугацаанд сонсож байна. Boy band гэдэг утгаараа их таалагддаг.
-Бараг 17 жил сонсож байна. Хамтлагийн залуусаа хараад маш баярлаж байна. Камертончууд маань өшөө олон жил уран бүтээлээ хийгээрэй гэж хэлмээр байна. Би бол 60, 70 нас хүрчихээд Камертон гээд л явж байна. Камертон бол миний бүх дурсамж. Та нартаа хайртай шүү.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )