Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хоёрдугаар ээлжийн 330 мянган төгрөгийн санхүүжилт арилжааны банкуудад орсноор иргэдэд олгож эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт олгож эхлэх байсан ч “Хүний хөгжил сан”-д санхүүжилт орж ирээгүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшилж байжээ.
Мөн гадаадад амьдарч буй иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүйн улмаас 500 мянган төгрөгөө авч чадаагүй цөөн иргэн бий. Тэд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад нэр нь баталгаажин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирсэн тохиолдолд энэ мөнгийг саадгүй олгох аж.
Хувь хишгийг 302507 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эхний ээлжийн 330 мянган төгрөгийг олгоход 99,8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа ажээ. Үлдсэн мөнгийг энэ сардаа багтаж олгох тухай Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас мэдээлж байна.
Түүнчлэн хувьцаагаа нэрийн дансандаа орсон эсэхийг иргэд харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд хандан “Хүний хөгжил сан”-гийн дэвтэртээ бичүүлнэ. Мөн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-д баталгаажсан байгаа. Үүнийг www.schcd.mn цахим хуудсаар орж шалгаж болно.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )