Казахстаны нийслэл Астана хотын дунд сургуулийн төгсөгчдийн хонхны баярыг зохион байгуулж өгнө хэмээн их хэмжээний мөнгө залилаад оргон зайлсан этгээдийг тус хотын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Хүүхдүүдийг залилсан манай улсын иргэн Астанад сүүлийн хоёр жил оршин сууж байгаа бөгөөд өдгөө 23 настай эрэгтэй аж. Одоогоор түүний нэр болон бусад мэдээллийг олон нийтэд зарлаагүй байгаа юм байна. Тэрбээр Астана хотын 64 дүгээр дунд сургуулийн төгсөх гурван ангийн хонхны баярыг "Пекин Палас" хэмээх зочид буудалд зохион байгуулахаар эцэг эхийн зөвлөлтэй нь гэрээ хийж, хоёр сая тэнгээ буюу ойролцоогоор 13.4 мянган ам.доллар авчээ.
Гэвч "Пекин Палас" зочид буудалд захиалга өгч гэрээ хийгээгүй болохыг нь эцэг эхчүүд хонхны баяр болохын урьд өдөр мэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Түүнд Казахстаны Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн орон даяар эрэн сурвалжилж байгаа ажээ.
М.ӨНӨРӨӨ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )