ДБЭТ-ын арын албыг 20 гаруй жил хашиж яваа гавьяат жүжигчин, концертмейстер Б.Солонготой ярилцлаа. Монголын сонгодог урлагийн хөгжлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа түүнийг урла гийнхан Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн охин гэдгээр нь андахгүй.
-ДБЭТ-т хэдий үеэс концертмейстерээр ажиллах болсон бэ?
-Свердловскийн хөгжмийн дээд сур гуулийг төгссөнөөс хойш концертмейстерээр ажиллаж байна. Төгсөөд сургуульдаа багшилна гэж бодож явснаас биш ДБЭТ-т ажиллана гэж мөрөөдөж ч явсангүй. Тухайн үед сургууль төгсч байгаа хүмүүсийг ажилд хуваарилдаг байлаа. Түүнээс одоогийнх шиг хүссэн байгууллагадаа орох боломж гүй. Тэгээд л ДБЭТ-тай амьдралаа холбосон. Одоо театрынхаа дуучидтай ажиллаад бүр ижил дасал болчихжээ. Хааяа хэд хоног амрахаар тэднийгээ үгүйлээд байдаг юм.
-Анх тайзан дээр гарсан үеэ дурсвал?
-Нэгдүгээр ангидаа төгөлдөр хуурын хичээл үзээд нэг нэгээрээ шалгалт өгдөг. Тэр үед анх тайзан дээр гарсан. Тайзан дээр гараад том хар хөгжмийг тоглоно гэж бодохоор сандардаг байлаа. Түүнээс хойш сурах хугацаандаа концертмейстерийн мэргэжлийг сонирхох болсон. Концертмейстер гэдэг нь дагалдан хөгжимдөгч, хамтран хөгжимдөгчийг хэлдэг. Надад анх хөгжмийн “А” үсэг заасан багш бол М.Н.Григорьева. Григорьева багш маань намайг концертмейстер болно гэж хэлж байсан. Концертмейстер дуучныг бэлтгэдэг.
-ДБЭТ хэдэн концертмейстертэй вэ?
-Одоо надаас гадна Ундрам гээд залуухан концермейстер бий. Бид хоёр хамтран ажиллаад дөрвөн жил болж байна. Намайг театрт анх хөл тавихад Халиунсүрэн, Сарантуяа гээд анхны мэргэжилтэй боловсон хүчнүүд ажиллаж байсан. Одоо тэд өөрсдийн сурсан мэдсэнээ хойч үедээ заагаад багшилж байгаа. Тэр хоёрыг явсны дараа би дөрвөн жил ганцаараа ажилласан. Концертмейстерийн ажил хүнд ч амтанд нь орчихвол үнэхээр сайхан.
-Концертмейстер хүний хувьд уралдаанд сойх юмсан гэж боддог дуучин бий юу?
-Манай театрын гоцлооч Э.Анхбаяр байна. Бид хоёр Глинкийн уралдаанд оролцоод Э.Анхбаяр маань хоёрдугаар байрт шалгарсан. Цаашид тэмцээнд оролцох боломжтой, хөгжимлөг залуу дуучин. Ер нь Э.Амартүвшинтэй адилхан найдвартай, хичээл зүтгэлтэй дуучин байгаа юм. Мөн Бадрал байна. Жаргалсайхан гуайн хамгийн отгон шавь Бат-Эрдэнэ гээд хүү бий. Ер нь авьяаслаг, ирээдүйтэй сайн дуучин олон байгаа. Тэднийг олон улсын тэмцээнд бэлтгэх бодолтой байна.
-Таны мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?
-Дуучидтай бэлтгэл хийсний дараа тайзан дээр тэднийг амжилттай тоглолт хийж байгааг харах хамгийн сайхан санагддаг. Мөн миний бэлтгэсэн дуучин эх орныхоо болон олон улсын чанартай уралдаанд оролцоод амжилт гаргах мөч сайхан байдаг. Үүнээс л би юуны төлөө ажиллаж байгаагаа мэдэрдэг дээ.
-Авьяас удам дамждаг. Та ая зохиож байв уу?
-Ерөөсөө ая зохиож байгаагүй. Ая зохиоё ч гэж оролдоогүй юм байна. Надад тэр авьяас заяагаагүй юм байлгүй. Хэрвээ авьяастай бол сонирхоод сурах байсан байх. Магадгүй нас ахиад ирэхээр авьяас илэрч болох юм /инээв/.
-Хөгжимчин хүний гар чухал байдаг гэдэг?
-Гар бол хөгжимчний зэмсэг. Тиймээс гараа хайрлаж хамгаалах хэрэгтэй. Хөгжимчин болох хүүхдээр юм мушгиулах, гурил элдүүлэхийг хориглох “дэг, жаяг” бий шүү.
-Таны шавь Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн тавцанд алдраа дуурсгаад ирлээ. Түүний концертмейстерээр ажилладаг багшийн нь хувьд нэлээд хугацаанд бэлтгэсэн байх?
-Бид хоёр Домингогийн уралдаанд оролцох бичлэгээ явуулаад тэнцсэн хариугаа дөрөвдүгээр сард авсан. Испани ари дуулах нь уралдааны онцлог байсан юм. Түүний дараа бид Испанийн хоёр ари дээр ажиллах хэрэгтэй болсон. Э.Амартүвшин бэлтгэл хийхийн зэрэгцээ театрынхаа тоглолтод оролцож байсан болохоор заримдаа ажлын бус цагаар бэлтгэл хийх тохиолдол гарч байсан. Ер нь хоёулаа л ажлын ачаалал ихтэй. Би хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Энэ үеэр хүүхдүүдийн дүн гаргах гээд чөлөө завгүй ажилласан. Хажуугаар нь Киви, Банди багшийн нэрэмжит уралдаанд хүмүүсийг бэлтгэх гээд их өрнүүн, ер нь ачаалалтай сар өнгөрсөн.
-Босго өндөртэй уралдаанд дуучид концертмейстертэйгээ оролцдог. Гэтэл Домингогийн уралдаанд Э.Амартүвшин ганцаараа явсан. Таныг хамт явах байх гэж бодож байсан шүү?
-Домингогийн уралдаан цаанаасаа концертмейстер томилсон. Польш гаралтай еврэй төгөлдөр хуурч Э.Амартүвшинд таарсан. Тиймээс би эндээс л Амараагийнхаа захыг мушгиад сууж байлаа. Ер нь Европын ихэнх уралдаанд төгөлдөр хуурчдыг томилдог. Харин Оросын уралдаанд ихэвчлэн өөрсдийн концертмейстертэйгээ оролцдог. Тэгээд ч уралдааны хувьд өмнө нь хамтран тоглож байгаагүй төгөлдөр хуурчтай оролцох нь бас нэг шалгуур болдог л доо. Энэ Э.Амараагийн ур чадварыг шалгаж байгаа хэрэг. Олон жил хамтран ажилласан концертмейстер зарим тохиолдолд дуучнаа аваад гардаг. Хаана нь яаж тоглохоо мэддэг болохоор өөрийнхөө концертмейстертэй явах нь давуу тал болдог юм.
-Э.Амартүвшин бусад дуучнаас юугаараа давуу вэ?
-Ямар ч тоглолтод оролцсон тайван байж чаддаг. Дуучид концертмейстертэй ажиллахаасаа өмнө өөрсдөө ноттой ажилладаг. Харин Э.Амартүвшин өөрийн бэлтгэлээ сайн хийдэг. Тэр л чанараараа бусдаас давуу. Мөн түүний итали, орос хэлний хэллэг үнэхээр сайн. Манайхан орос хэлний мэдлэг муутай болсон шүү дээ. Зарим дуучинтай ажиллахад дахин дахин давтдаг бол Э.Амартүвшинтэйгээ бэлтгэл хийхэд амар байдаг. Багшаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг нь амжилт гаргахад эерэгээр нөлөөлдөг.
-Сүүлийн үед нэр хүндтэй удирдаач, найруулагч, дуучид ДБЭТ-т зочилдог болж. Энэ нь манай улсын сонгодог урлагийн төвшинг тодорхойлж байгаа хэрэг байж таарна аа даа?
-Гадаадын хүн ирээд манай уран бүтээлчидтэй ажиллахад дуучид маань гологдохгүй байна гэдэг чухал. Манай театрт гадаадаас удирдаачид ирдэг болсон. Энэ жил гэхэд л Роберто Сальвадор Италиас ирсэн. Мөн АНУ-аас Жин Дон Кей ирж дохилоо. Тэгэхээр бид дэлхийн сонгодог урлагийн тавцанд бусадтай нэг л хэмжээнд явж байна гэж ойлгож байгаа. Мөн Буриадаас найруулагч Елена Артюхина ирж “Евгений Онегин” дуурь дээр ажилласан. Түүнээс манай дуучид их зүйл сурсан байх. Болдог бол бид уран бүтээл хийх бүртээ гадаадаас найруулагч урьж тэднээс орчин үеийн хэмнэлийг нь сурах хэрэгтэй байгаа юм.
-Таны мэргэжлийг охин тань өвлөсөн. АНУ-д Бостоны хөгжмийн дээд сургуульд төгөлдөр хуурын ангид сурдаг гэсэн?
-Миний охин Хөгжим бүжгийн коллежид сурч байгаад нэгдүгээр дамжаанаасаа Италийн дэлхийн коллежид сурахаар явсан. Түүний дараа АНУ-ын Бостоны хөгжмийн дээд сургуульд сураад өнөөдөр / өчигдөр/ эх орондоо ирлээ. Гэхдээ эргээд сурахаар явна гэсэн. Охин минь багаасаа л дуулах, бүжиглэх дуртай, хөгжмийн сонсголтой байсан болохоор гэрийнхэн нь урлагийн хүн болгохоор шийдсэн. Тэр дундаа өвөө нь их дэмжсэн. Бид удахгүй охиныхоо тоглолтыг хийлгэх бодолтой байгаа. Өмнө нь Италийн дэлхийн коллежийг төгсөхөд нь тоглолт хийж байсан.
-Амралтын үе эхэлж байна. Яаж амрахаа төлөвлөсөн үү?
-Бараг амрахгүй байх. Саяхан Э.Амартүвшин, Э.Анхбаяр хоёр Францын Тулусын уралдаанд материалаа явуулсан. Шалгаруулалтын хариу энэ сарын 30-нд ирнэ. Хэрвээ тэнцвэл бэлтгэлээ базаана даа.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )