Б.Саруултуяа: Манай улсад хар тамхичинд өгөх ял шийтгэлийн тогтолцоо бүрдээгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр боллоо. Манай улс хар тамхи хэрэглэсэн, мансуурсан гэх яриаг өөрийн улсдаа биш гадны улс оронд болж байна гэхийг сонсч гайхаж байсан цаг саяхан. Гэтэл энэ байдал өөрчлөгдөж амгалан тайван гэх нэрийн дор явдаг байсан Монгол Улсад хар тамхи хэрэглэж мансуурлаа гэх яриа чих дэлсэх болсон. Тодруулбал, 2000 оноос хойш. Эхэндээ манай улсын иргэд гадны хүмүүст хууртан, тээвэрлэгч болж байгаа тухай ярьж эхэлсэн бол сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх хандлагатай болж, үүнд насанд хүрээгүй хүүхдүүд ч татагдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгаа. Тэр дундаа олны танил хүмүүс ч эл хар хорыг ихээр сонирхох болж, торны цаана суусан нь ч бий.

Түүнчлэн манай улсын иргэд хилийн чанадад хар тамхи мансууруулах бодисын санаатай болон санамсаргүйгээр тээвэрлэн ял шийтгэл авч харийн нутагт ял эдэлсэн хүмүүс цөөнгүй. Энэ оны эхний таван сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, олж авах, борлуулах хэрэг өмнөх оныхоос 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар хар тамхитай холбоотой хэрэгт 40 шахам иргэн холбогдон, шалгагдаж байгаа ба үүнээс гадаадын хоёр ч иргэн манай улсын хилээр хар тамхины төрлийн зүйл оруулж ирэхийг завдсан байх юм. Хар тамхины хэрэглээ хууль эрхзүйн орчны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяатай ярилцлаа.

-Манай улсад сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ ихэссэн. Энэ хэрээр гаднаас орж ирэх арга нь нарийссан гэх. Ер нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол оо?
-Цагдаагийн байгууллагаас шалгаад илэрсэн хэргүүдийг харж байхад мөсөн чихэр, баримлын шавар, эсвэл ногоон замаск хэлбэрээр оруулж ирж худалдсан тохиолдлууд илэрсэн. Ер нь манай улсад эхэндээ хүчтэй нөлөөтэй хар тамхи мансууруулах бодис орж ирдэг байсан бол сүүлийн үед хүнд хэлбэрийн хар тамхины төрлийн зүйлүүд орж ирдэг болсон. Ийм тохиолдлууд ч илэрсэн. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тул их, дээд сургуулиудын захиргаа, багш нар, эцэг эхчүүд хамтран ажиллах шаардлагатай байгааг энд дуулгая. Учир нь хар тамхины төрлийн бодисын хэрэглэж байгаа залуусын дийлэнх нь 17-20 гаруй насныхан ихэвчлэн хэрэглэдэг байж болзошгүй байдал ажиглагдаж байгаа. Мөн баар, цэнгээний газруудаар хар тамхины төрлийн бодис зарж байгаа талаар мэдээлэл ирсэн. Үүний мөрөөр цагдаагийн байгууллагаас дээрх газруудыг шалгаж байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдүүддээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Миний хүү насанд хүрчихсэн, бие даасан гээд хүүхдээ орхисон байхад хүүхэд тань архи дарс үнэртэлгүйгээр ямар нэгэн байдлаар мансуурсан байх тохиолдол бий. Хэрвээ ийм тохиолдол гарвал мэргэжлийн эмчид болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Дээрээс нь энэ мэдээллийг ялангуяа баар цэнгээний газруудыг ажиллуулж байгаа иргэд тухайн газрынхаа үйлчлүүлэгч, барменийг ч мөн сайтар хянаж бай шаардлагатай байна.

-Тэгэхээр энэ төрлийн ажил хийдэг хүмүүс мансуурсан тохиолдол гарсан гэсэн үг үү?
-Дээр дурдсанчлан баар, цэнгээний газраар үйлчлүүлж байгаа болон энэ төрлийн газраар эргэлддэг хүмүүсээс ямар нэгэн байдлаар мансуурсан байх нь бий. Тиймээс хаана, хаанаа хараа хяналтаа чангатгах хэрэгтэй байна. Гадны иргэд тэгж хар тамхинд мансуурлаа ингэж тариа хийлгэсэн байсан гэсэн мэдээлэл хэдийнэ ард үлдсэн. Хар тамхины аюул хаалга тогших болоод удаж байна. Үүнээс гадна хар тамхи татсан байж болзошгүй, мансуурсан хүн харсан бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Бид мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно.

-Манай улсад хар тамхийг тогтмол хэрэглэдэг хүмүүс хэр их байна вэ. Ийм тохиолдол гарсан уу?
-Ер нь хар тамхийг байнгын хэрэглээ болгочихсон, энэ төрлийн бодисын хүнд хэлбэрийг хэрэглэдэг иргэд байна. Энэ бодис нь хилээр нэвтрээд ороод ирчихсэн тохиолдол ч бий. Тэгэхээр манай улсын хувьд хар тамхины хэрэглээ аюултай байдалд хүрсэн гэж ойлгож болно. Ялангуяа идэр насны залуучууд хар тамхи хэрэглэх, мансуурах сонирхол нэлээд давамгайлах хандлагатай болсон байна.

-Насанд хүрээгүй хүүхдүүд мансуурсан байсныг барилаа гэсэн мэдээлэл цөөнгүй гардаг. Үүний мөрөөр шалгахад хүүхдүүдийн мансуурлын байдал юутай холбоотой байна вэ?
-Ийм мэдээлэл цөөнгүй гардаг болсон. Тэд цавуу үнэрлэх, өвс ургамал татах зэргээр мансуурах нь бий. Үүнээс гадна хар тамхи хэрэглэдэг хүмүүс насанд хүрээгүй ялангуяа арван жилийн хүүхдүүдийн уруу татах, тэдэнд мансуурахыг санал болгосон тохиолдол ч бүртгэгдэн, шалгагдаж байна. Өсвөр насны хүүхдүүд дөнгөж олны дунд орж, нийгэмд хөлөө олох гэж ядаж байхад нь иймэрхүү саналууд ирсээр байвал тэд хүлээж авахгүй гэх газаргүй. Тиймээс хүүхдүүд хавь ойрынхоо хэн бүхэнд санаа тавьж, зааж зөвлөж байх шаардлагатай байна. Хамгийн гол нь Монгол Улсад хар тамхи мансууруулах бодисын хэрэглээг газар авахуулахгүй байхын тулд хүн бүрийн оролцоо чухал. Мансуурсан хүнтэй таарсан ч хараагүй юм шиг өнгөрөөд яваад байж боломгүй байна. Мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байвал энэ төрлийн гэмт хэрэг газар авахгүй байх боломжтой. Ялангуяа зуны улирал эхлээд хүүхдүүд амраад эцэг эхийн хараа хяналтаас холдохоор элдэв төрлийн гэмт хэрэгт орооцолдох цаашлаад хар тамхийг сонирхох хэрэглэж үзэх тохиолдол ихсэх хандлагатай байдаг. Тиймээс эцэг эхийн хариуцлага энд чухал үүрэгтэй.

-Хар тамхи их үнэтэй учраас баян мөнгөтэй айлын хүүхэд татдаг гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Энэ бол харьцангуй ойлголт. Хэдийгээр хар тамхи мансууруулах бодис өндөр өртөгтэй гэгддэг боловч мөнгөтэй боломжтой айлын хүүхдээс гадна тааруухан амьдралтай, бүр амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхэд ч энэ төрлийн бодисыг хэрэглэсэн тохиолдол гарч байна.Өөрөөр хэлбэл, таны эргэн тойронд байгаа хэн ч мансууруулах бодист татагдан орох, сонирхох тохиолдол гарч болзошгүй.

-Манай улсын иргэд гадны улсад санаатай болон санамсаргүйгээр хар тамхи тээвэрлэгч болсон тохиолдол цөөнгүй. Мансууруулах бодис хэрэглэж, ял шийтгэл хүлээж байгаа иргэдийн насны ангиллын хувьд ямар байна вэ?
-Одоогийн байдлаар гадны оронд хар тамхи зөөвөөрлөж байгаад баригдсан манай улсын 40 гаруй иргэн бий. Үүний дийлэнх нь БНХАУ-д баригдсан. Үүнээс гадна Малайз, Сингапур, Унгар зэрэг улсад цөөн тоогоор баригдан, шалгагдаж байгаа нь ч бий. Ер нь манай улсын иргэд амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн шуналаасаа болоод гадны иргэдэд их хууртдаг. Жишээлбэл, хар тамхи зөөвөрлөхөд 20-30 насны залуу хүмүүсийг ашиглаж байсан бол одоо 30-40 настай хүнийг ашиглах хандлагатай болсон. Одоо 40 хүрч яваа хүн тээвэрлэгчээр явж байгаад баригдан, шалгагдаж байгаа тохиолдол ч бий. Түүнчлэн гадны иргэд манай улсад аялал жуулчлалаар их ирдэг. Энэ үеэрээ манай иргэдийг уруу татах тохиолдол гарах болсон. Тиймээс дор бүрнээ л сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

-Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хүнд хэрхэн хариуцлага тооцож байна вэ. Манай улсад энэ төрлийн хууль эрх зүйн орчин бий юу?
-Энэ бас нэг анхаарал татсан асуудлын нэг болчихоод байгаа юм. Одоогийн байдлаар хэрэглэсэн хүмүүст ял шийтгэл ноогдуулдаг эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах байх.

Г.Тогос

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top