Нийслэлд одоогоор сургууль, цэцэрлэгийн нийт 54 барилга баригдаж байна. Үүнээс ирэх хичээлийн жилд болон дараа жил ашиглалтанд орох цөөнгүй барилга бий гэнэ. Шар хадны эцэст байрлах 92 дугаар сургууль, Баянгол дүүрэгт 320 суудалтай 70 дугаар сургууль, тус дүүргийн 22 дугаар сургуулиудыг нурааж, шинэчлэн барьж байгаа ажээ. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд, Амгалан өртөөнд 640 суудалтай сургуулийг мөн шинээр барьж буй аж. Цаашдаа Сонгинохайрхан дүүрэгт гурван сургууль шинээр барих зураг төсөл гарсан бөгөөд одоогоор гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлаад байгаа гэнэ. Орон нутгийн хувьд, Хэнтий аймагт 100 хүүхдийн цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Түвшин ширээт суманд 320 суудалтай сургуулийн барилгыг барих ажлуудыг гүйцэтгэж байгаа ажээ.
Энэ онд улсын төсвийн мөнгөөр нийт 10 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Үүний тав нь Сонгинохайрхан дүүрэгт, Хан-Уул дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт хоёр нь байх аж. Түүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр 40 цэцэрлэгийн барилгыг Канад улсын технологийн тулгуур яс модоор барихаар төлөвлөсөн байна. Эдгээр цэцэрлэгийн барилгыг барьж, ашиглалтанд оруулвал долоон мянган хүүхдийг цэцэрлэгт хүмүүжүүлэх боломж нээгдэх гэнэ.
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )