Өдрийн сурвалжлага: Орон нутгийн иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 28

Манай сайтын сурвалжлах баг хөдөө орон нутаг дахь зарим сонгуулийн хэсгийн хороодоор явж иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, сонгуултай холбоотой цаг үеийн мэдээллийг газар дээрээс нь сурвалжиллаа.

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймгийн Эрдэнэ суман дахь 74,75-р хэсгийн хороодод яг одоогийн байдлаар сонгуулийн ирц 70 хувьтай явагдаж байна. Биднийг сурвалжлага хийх явцад сонгуулийн явц 20 хувьтай байсан ба мэдээ орох мөчид яг одоогийн явцыг утсаар мэдээлсэн юм. Тухайн цагийн байдлаар тус хэсгийн хороод дээр ямар ба нэгэн гарсан зөрчилгүй. Иргэдийн сонгуульд санал өгөх хандлага идэвхтэй байлаа. Ингээд зарим хэсгийн хороодын дарга нар болон иргэд энэ жилийн сонгуулийн талаар ямар бодолтой явааг хүргэе.

УИХ-ын сонгуулийн 14-р тойргийн 75-р хэсгийн хорооны дарга О.Мөнхсүлдээс сонгуулийн явцын талаар тодрууллаа.


Танай хэсгийн хорооны хичнээн сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн бэ? Нөгөөтэйгүүр санал өгөөд гурван цаг өнгөрч байна. Сонгуулийн явц ямар байна вэ?

За манай хэсгийн хороон дээр бол 1027 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн байгаа. Яг одоо 11 цагийн байдлаар нийт 229 сонгогч саналаа өгсөн байна. “сурвалжлага хийсэн цагийн байдлаар”

Хүчингүй болсон саналын хуудас болон сонгуулийн идэвх ямар байна вэ?

Иргэдийн идэвх бол одоогоор сайн байна. Гэхдээ манай хэсгийн хорооны зарим сонгогчид маань хөдөө байдаг учраас тэд нар маань үдээс хойшдоо ирэх байх. Тэгээд цаашдаа сонгуулийн үйл явц эрчимтэй явагдана. Саналын хуудасны хувьд одоогоор нэг л хүн буруу тэмдэглэгээ хийсэн. Тэр хүн маань болохоор өндөр настай иргэн байгаа юм. Тэгээд тэмдэглэгээгээ буруу хийсэн гээд хуулийн дагуу дахин нэг хуудас өгөөд саналыг нь өгүүлсэн.

Орон нутгийн сонгогчдийн хувьд мэдээлэл дутмагаасаа болоод саналаа буруу тэмдэглэх ч юм уу аль эсвэл хүнээр туслуулдаг шүү дээ. Үүнийг яаж зохицуулж байна вэ?

Ер нь сонгуулд хэрхэн саналаа өгөх сурталчилгааг бол манай хэсгийн хороо бол харцангуй маш сайн хийсэн. Энэ дот санал өгч байгаа хүмүүс дотор бол бичиг үсгийн боловсролгүй цөөн тооны иргэд байгаа. Тиймээс энэ хүмүүс маань одоо итгэмжлэлээр өгч байна.

Сонгуулийн үйл явцтай холбоотой ямар ба нэгэн асуудлууд гарсан уу?

Одоогийн байдлаар тийм элдэв хүндрэл бэрхшээл гараагүй байна. Ямар ч байсан манай сонгогчид саналаа идэвхтэй өгч байна.

Сонгогчдын хувьд ямар ба нэгэн хүсэлт ч юм уу, шаардлага тавьж байна уу?

Бүх хүмүүс зэрэг ирсэн учраас жаахан очер дараалал үүслээ. Үүн дээр иргэд жаахан хүлээж байгаа. Яахав энийг бол аль болохоор зохицуулаад л ажиллана. Хэн нэгэнд хүндрэл саад учруулахгүйгээр зохион байгуулж байна.

Хэдэн хэсгийн хороон дээр иргэд саналаа өгч байна вэ?

Манай сумын хэмжээнд дөрвөн хэсгийн хороо байгаа. Манайх бол төв хэсгийн хороо.

Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн иргэн Ю.Бямбажав


Энэ жилийн сонгуулийн гол онцлог юу байна? Санал өгөхөд гарч буй хүндрэлтэй асуудал юу байна?

Хүндрэлтэй зүйл гээд байгаа юм алга байна. Яахав тэр бүртгэл дээр жаахан удаж байна. Хуучин бол ороод л тойроод гараад явдаг байсан. Тэр бүртгэлийн хүмүүс нь шуурхай ажиллавал болох юм байна шүү. Энэ автоматжуулсан систем чинь.

Сонгуулийн талаар мэдээлэл хэртэй байв?

Мэдээллийг бол ер нь сонгуулийн сурталчилгаа явж эхэлсэнээс хойш авсан даа. Миний хувьд сонголтоо эрт хийсэн байсан. Сонгуулийн саналын хуудас бол боломжийн их зөв байна гэж ойлголоо. Саналаа өгчихлөө.

Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн Засаг дарга А. Мөнгөнбаяр


Сонгуулийн талаар ямар бодолтой байна вэ?

Энэ жилийн сонгууль урьд урьдынхаас их онцлогтой. Яагаад гэхлээр энэ жил сонгуулийн саналыг автоматжуулсан хэлбэрээр авч байна.

Танай хэсгийн хороон дээр ямар ба нэг зөрчил илрэв үү?

Манай хэсгийн хороон дээр сонгогчдийн идэвх маш сайн байна. Өглөө долоон цагаас сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Манай хэсгийн хороон дээр ийм тийм асуудал болон сонгуулийн саналын автомат машин техник хэрэгсэл гацаж саатсан зүйл алга.

Сонгуулийн явц хэдэн хувьтай байна вэ?

Одоо 14 цагийн байдлаар сонгуулийн явц 70 хувьтай явагдаж байна. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь их сайшаалтай хэрэг. Ингээд нийт иргэддээ хандаад хэлэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж нийт багийн иргэд болон сумынхаа иргэдийг төлөөлөн уриалмаар байна.

А.ТЭМҮР

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top