Сонгуулийн санал авах өдөр 118 хүн эрүүлжүүлэгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

ЦЕГ-ын даргын 364 тоот тушаал гарч цагдаагийн байгууллагын албан хаагчид сонгуулийн үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотойгоор  154 дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд сонгуулийн үеэр цагдаагийн  2304 албан хаагч үүрэг гүйцэтгэж ажилласан гэнэ.  Цагдаагийн албан хаагчид  санал авах өдрөөс тав хоногийн өмнө буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн цагдаагийн хамгаалалтад  санал авах байрыг дөрвөн ээлжээр хамгаалжээ.

Цагдаагийн байгууллага өчигдөр сонгуультай холбоотойгоор 54 гомдол мэдээлэл авсан бөгөөд үүнээс 16 нь худал мэдээлэл байсан бөгөөд 7 нь үнэн зөв гэдэг нь тогтоогдоогүй,  нэг хүнд захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Өнөөдрийн байдлаар дээрх дуудлагын 3  мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж,  23 мэдээлэл дээр цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Сонгуулийн хууль бус сурталчилгаа хийсэн гэх  10  дуудлага ирснээс нэг дуудлага буцаагдсан байна. Үүнтэй холбоотой хэргийг тойрог хэсгийн хороонд шилжүүлсэн бөгөөд ирсэн мэдээллийн тал нь хуурамч мэдээлэл байв.

Саналын хуудсыг баримтжуулсан гэх зургаан мэдээлэл  ирсэн бөгөөд үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Сонгогчдод мөнгө өгсөн гэх 9 дуудлага ирсэн  бөгөөд дөрвөн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ. Харин үлдсэн дуудлага нь хуурамч дуудлага болох нь тогтоогдсон тул уг дуудлагыг буцаажээ.

 Бүртгэлгүй иргэн санал өгөх байранд ирж байна гэсэн мэдээлэл дөрөв ирсэн.  Үүнээс 2-ыг нь тойргийн хороонд шилжүүлсэн байна.  

Бусдын эд зүйлийг авсан, маргасан дуудлага 7 ирсэн. Үүнтэй хоблоотойгоор гурван иргэнийг эрүүлжүүлсэн бөгөөд гурван мэдээллийг шалгаж, нэг дуудлагыг буцаасан гэнэ.

Санал хураах өдөр зарим аймаг  архи согтууруулах ундаа хориглосон ч шуурхай мэдээллийн 102 төвд архи согтууруулах ундаа зарж байна гэсэн 100  дуудлага ирсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд 118 хүн эрүүлжүүлэгдсэн бол орон нутагт 10 хүн эрүүлжүүлэгджээ.  Дашрамд дурьдахад өнөөдөр  нийслэлд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон хэвээр байгаа бөгөөд энэ төрлийн мэдээллийг цагдаагийн байгуулагад өгөх боломжтой юм.

Улсын хэмжээнд онц аюултай гэмт хэрэг гараагүй.  Төв болон Архангай аймагт хүний  амь эрсдсэн осол гарсан.

Нийслэлд 40 гэмт хэрэг гарснаас 11 нь хулгай, 8 нь осол байжээ.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top