Замын-Үүдийн гаалийнханы хүнд суртал хэрээс хэтэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 29

Манай улсын ганзагын наймаачид ихэнхдээ Хятад улсын Эрээн хотоос бараа таваараа оруулж ирдэг. Эрээн рүү явахад зорчигчид Замын-Үүд хүртэл галт тэргээр үйлчлүүлдэг билээ. Гэтэл билет нь олдоц муутай, үйлчилгээ тааруу, Замын-Үүдээс Улаанбаатар явахын тулд өглөө эрт дугаарлах хэрэг гардаг. Энэ талаар зорчигчид гомдолтой байдаг. Мөн Эрээнээс өдрийн цагаар Замын-Үүдэд орж ирсэн хүн билет олно гэдэг санасны гарз. Тиймээс Замын-Үүдэд нэг хоног алдана, аз таарвал үндсэн үнээсээ 3-5 дахин үнэтэй шагийн билет авах тохиолдлууд их байдаг аж.

Монголын наймаачид ийнхүү хүнд хэцүү нөхцөлд амин зуулгынхаа төлөө Замын-Үүдийн вагоноор Эрээн рүү гардаг. Замын-Үүдээс Хятадын хил рүү өдөртөө 700-аад машин зорчигч тээвэрлэж хилээр гардаг аж. Хятад руу орж байгаа бүх машинуудыг ариутгагч бодисоор ариутгаад харин Монгол руу оруулж буй машинуудыг огт ариутгадаггүй гэнэ.

“Манай гаалийн байцаагчид хүнд сурталтай, бүдүүлэг хүмүүс байдаг. Бидний холын замд авч явахаар боож багласан ачааг маань бараг хайр найргүй хутгаар сийчин онгойлгодог. Дараа нь тэрнээсээ санаа зовсон шинжгүй хашгичихыг нь яана” хэмээн дамын наймаачид гомдоллож байв. Хүнд суртлыг авлига дагадаг зайлшгүй "хууль" энд ийнхүү цэцэглэсээр. Авлига л аваагүй бол ажлаа хийж чадаагүйд тооцож шаналах Замын-Үүдийн хил гаалийнхан засрах болоогүй. Харилцааны соёлын тухайд бол дурсаад ч хэрэггүй, хэдхэн км-ын цаадах Эрээний хил гаалийнхантай харьцуулахад л ойлгомжтой гэдгийг наймаачид хэлж байлаа.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top