Манай орон сонгуулиар амьсгалж, хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр сонгуулийн явц, урьдчилсан дүнгийн талаар цаг алдалгүй мэдээлж, гадны хэвлэлийнхэн ч анх удаа санал тоолох цахим машин ашиглан явуулсан Монголын сонгуулийг гадаад ертөнцөд мэдээлэн, товчхондоо хэлэхэд гадаад дотоодгүй УИХ, НИТХ-ын сонгуульд анхаарлаа хандуулж байх зуур Оросын хэд хэдэн цахим хуудсан дээр Монголын тухай тун ч хачирхалтай мэдээлэл тавигджээ. "Монгол Оросын бүрэлдэхүүнд орох уу?" гэсэн гарчигтай мэдээлэл анхлан ukr-portal. com цахим хуудсан дээр тавигдсаныг өөр олон мэдээллийн порталууд тэр дор нь шүүрэн авч нийтэд мэдээлж, цахим ертөнцөөр хэлэлцүүлэг хүртэл хийсэн байх юм. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн бичсэнээс харахад зарим нь цочирдсон, нөгөө хэсэг нь тоглоом шоглоом гэж хүлээж авсан бол нэг хэсэг нь бүр жам ёсны зүйл болж байгаа мэтээр хүлээн авчээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд нь хийсэн гэх энэ мэдээлэл мэдээж ор тас худал зүйл гэсэн итгэл тээвч яагаад ийм мэдээлэл цахим ертөнцөөр тарах болов гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Энэ асуултыг тодруулах гэсэн боловч амралтын өдөр таарч, дээр нь хойд хөрштэй цагийн зөрүүтэйн улмаас аль нэг эх сурвалжаас тодруулах боломж олдсонгүй. Ямартай ч ukr-portal.com цахим хуудсанд гарсан мэдээллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ. 2014 оноос эхлэн Монгол Улс Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд автономт эрхтэй бүгд найрамдах улс болон орох юм байна. Үүнд виз цуцлах болон Орос Монголын эдийн засгийн нягт харилцаа нөлөөлж байгаа аж. / Монгол улс импортын газрын тосныхоо 95 хувийг Оросоос авдгийн дээр Орос руу ямааны ноолуур зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогддог юм. / Урьдчилсан хэлэлцээрийг Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Цахиагийн Элбэгдорж нар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд хийж, гарын үсэг зурсан ч ердөө саяхан энэхүү мэдээллийг ОХУ-ын Холбооны зөвлөл, дараа нь Ерөнхийлөгч Владимир Путин баталлаа. "Оросын хувьд ийн нэгдэх нь яриангүй ашигтай хэрэг. Зөвлөлтийн үед Монгол Улс ЗХУ-аар тэтгүүлдэг бүс нутаг байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн.
"Синьхуа" агентлагийн мэдээллээр тус улсын ДНБ 2011 онд 17.3 хувийн өсөлттэй байсан нь эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч болгож байгаа юм. Бусад оронтой харьцуулбал Хятадад гэхэд л 2011 онд ДНБ-ий өсөлт ердөө 9.8 хувь, харин Орост 4.3 хувьтай байсан. Түүнээс гадна Монгол Улс 1997 оноос эхлэн дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Түүнчлэн цагаачлалын бодлогын тусгайлан боловсруулсан хөтөлбөр давуу тал болж байгаа юм. Гадны ажилчид гэж нэрлэгддэг бүх хүмүүс тэндээс /Монголыг хэлж байна/ ажил олж болно. Ингэснээр бид үндэстэн хоорондын сөргөлдөөнөөс бүрэн салж чадах юм. Энэ нь ч Монголын хүн амзүйн нөхцөл байдлыг сайжруулна. Өнөөдөр Монголын нийт нутаг дэвсгэр дээр хоёр сая 755 мянган хүн амьдарч байна. Нэг ам километр талбайд 1.8 хүн ноогдож байгаа юм. Энэ нь Оросынхоос найм дахин бага гэсэн үг. Дашрамд хэлэхэд нүүдлийн хэв маягт дассан цыгануудыг нүүлгэнэ" хэмээн Лавров өгүүлжээ. Харин цыгануудаа Монгол руу шилжүүлэхээр хүсэлт авч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Ер нь ч гадны ажилчдыг бүгдийг багтаах хүчин чадал Монголд байхгүй. ДНБ-ий өсөлтийг ч Хятадтай харьцуулахдаа хэтрүүлэг хийжээ.
Энд сануулахад Монгол улс Орос руу молибден, улаан буудай, төмс, ямааны ноолуур нийлүүлдэг юм. Орост нэгдсэнээр Монголын бүс нутаг 90 дугаартайгаар орох бөгөөд албан ёсны хэл нь монгол хэл /кирилл үсэг ашигладаг / хэвээр байх бөгөөд харин дунд сургуулиудад нь орос хэлийг заавал судлах хичээл болгон оруулах юм байна. Түүнчлэн Монголд Орост нэгдсэн баяр хэмээх шинэ баяр тэмдэглэдэг болно. Энэ баярыг хамгийн анх 2014 оны тавдугаар сард тэмдэглэх бөгөөд үүнд зориулж Улаанбаатарын төв талбай дээр 10 мянган үзэгч багтах павильон барьж эхэлжээ. /Энэ өгүүлбэрээс харахад мэдээлэл худал гэдэг нь батлагдаж байх шиг. Учир нь төв талбай дээр ямар ч павильон баригдаагүй гэдгийг бид сайн мэдэж байгаа / Харин Монголын Боловсролын яам монгол соёлыг Орост дэлгэрүүлэх хөтөлбөр санал болгожээ. Энэхүү хөтөлбөрт гэрт амьдрах ёс, айраг бэлдэх жор болон монгол бичгийг багтаасан байх аж. Харин энэ талаар Монгол Улсын УИХ-ын дарга Дамдины Дэмбэрэл "Орост татар-монголын дарлал гэж нэрлэгддэг үеэс эхлэн л манай хоёр орны ард түмэн ижилдсэн. Үнэн хэрэгтээ энэ нь дарлал байгаагүй харин хоёр агуу том соёлын хамтын ажиллагаа байсан бөгөөд хожим нь зориудаар салгасан юм. Харин одоо бидэнд энэ холбоог сэргээх боломж гарлаа. Орос, монголчууд ахан дүүс гэдэг нь зүгээр нэг сайхан хэлц биш харин баримт юм. Манайхны судсаар нэг цус гүйж байна. Бид та нартай ижил цустай. Эртний гомдол хэдийнэ мартагдсан. Бид дахин хамтдаа байх болно. Энэ бол зөв шийдэл" гэжээ.
Монгол Улсыг Орост нэгдэх тухай яриа аль эрт ЗХУ-ын үед л гарч байсан. Монгол Улс ч бараг л ЗХУ-ын 16 дахь Бүгд найрамдах улс байлаа. Тухайн үед л цуу яриа гарч байсан бөгөөд одоо энэ мэдээлэл ч шуугиан тарихын тулд гаргасан өгөөш байж ч болох юм.
Ийм мэдээлэл дээр дурдсан цахим хуудас (http://www.ukr-portal.com/index.php?nma=news&fla=stat&page=%20l&nums=11818) болон өөр цөөнгүй портал, блогоор тархжээ. Мэдээллээс харахад тоо баримтаас өөр үнэний хувьтай гээд хэлчихээр зүйл огт алга байгаа ч яагаад ингэж шуугиан тарих болов, үнэхээр албаны хүмүүсийн амнаас гарсан үг үү гэдгийг бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )