Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн пүрэв гаригт Москва хотноо болжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн үг хэлсэн бол уригдсан зочдыг төлөөлж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик үг хэлжээ. Тэрбээр төрт ёсны баярынхаа хүндэтгэлийн арга хэмжээнд урьсанд Элчин сайд Д.Идэвхтэн, Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлээд орос, монголын ард түмэн сайн хөршийн төдийгүй сэтгэл санааны ойр дотны харилцаатай билээ. Манай хоёр орны ард түмэн Халхын гол, Эх орны аугаа их дайнд хамтдаа ялалт байгуулж, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалт, сансарын уудамд ч мөн л хамтдаа их үйлийг бүтээж ирсэн. Хоёр орны хооронд тогтоосон найрсаг харилцаа тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагаагаар улам бүр батжин хөгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочидод Монгол Улсын хөгжил, монгол түмний соёл, өөрийн орны байгалийн өвөрмөц сайхан тогтоцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, хүндэтгэлийн зоог барьсан байна.
Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд ОХУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, Москва хотноо үйл ажиллагаа явуулж буй гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, монгол судлаачид, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн гишүүд оролцжээ.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )