Яармаг Нисэхийн иргэдэд ташаа мэдээлэл тархжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02


 

 Өнөөдөр Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэхийн орчимд иргэд олноороо зөвшөөрөлгүй газарт хашааны шон татаж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Өчигдөр оройноос иргэдийн дунд “Ардчилсан намаас амласан газраа авч, хашаагаа барь” гэдэг ташаа  мэдээлэл тархсан нь ийм байдал үүсэхэд хүргэсэн байна.  Нийслэл, дүүргийн газрын албаны мэргэжилтнүүд Нисэх, Яармагт ажиллаж, иргэдтэй уулзаж, учир байдлыг танилцуулсанаас гадна Хан-Уул дүүргийн Ардчилсан намын зүгээс мэдэгдэл хийлээ.  Мэдэгдэлд  “Иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх талаар Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэхдээ сонгуулийн дүн баталгаажаагүй, УИХ-ын гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байхад энэ асуудлыг хууль, журмаас гадуур шийдвэрлэх эрх, үүрэг хэнд ч байхгүй. Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд эрх бүхий байгууллага нь бодлого, шийдвэрээ гаргаж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлдэг. Үүнээс өмнө хэн ч хууль, журмаас гадуур үйлдэл хийж болохгүй юм. Ардчилсан намын нэрийг барьж, иргэдийг хууль бус, эмх замбараагүй зүйлд турхирч байгаад харамсч байна” гэв.  Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүргийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье” гэсэн байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top