Өнгөрсөн жилийн Засгийн газрын хуралдаанаар баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутагт гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа. Тус дүүрэгт энэ жил 180 айлыг шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ялангуяа шугам сүлжээн дээр буусан айлуудыг эн түрүүнд нүүлгэхээр ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг хуулийн дагуу, улирлын онцлогоос шалтгаалаад дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 43 айл өрхийн газрыг чөлөөлжээ. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 300 айлын түр шилжин суурьших орон сууцны барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа явж байна. Харин сүүлийн нэг сарын хугацаанд төслийн явц удааширсан. Үүний шалтгааныг “Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн менежер С.Туяа “Зарим айлууд шугам сүлжээтэй холбогдохоор газрын үнэ арай илүү үнэтэй болно гэж ойлгоод байгаа. Мөн зарим намынхан газрын үнийг 2-3 дахин нэмнэ гэж ухуулга хийсэн. Үүнээс болоод айл өрхүүд сонгууль дуустал тухайн байдлаас шалтгаалж газраа чөлөөлнө гэсэн юм. Ийм шалтгаанууд бидний ажлыг удаашруулж байна” хэмээн тайлбарлалаа.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )