22-ын товчооны зам засварын ажлыг удаашралтай байна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Өнөөдөр хуралдсан наадмын комиссын хуралдааныг Шадар сайд М.Энхболд даргаллаа. Тэрээр наадмын бэлтгэл ажлын талаар товч танилцуулга хийсэн бөгөөд хурлын төгсгөлд 22-ын товчооны зам засварын ажлын хэрэгжилтийн талаар албаны хүмүүсээс тодруулсан юм. Харин 22-ын чиглэлийн  10.6 км замын ажлыг “Бэрх зараа” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч зам засварын ажил удаашралтай байгаа төдийгүй хугацаандаа ашиглалтад орж чадахгүйд хүрчээ. Тухайлбал, Сонсголонгийн  уулзвар хүртэл 1.1 км замыг өнгөрсөн жил хийсэн бөгөөд энэ жил 9.5 км замыг засна. Наадмаас өмнө Дархан-Уул аймгаас салдаг уузвараас Баруун нарангийн үерийн хамгаалалтын далангийн  гүүр хүртэл 4.2 км газрыг  хучих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн гүүрнээс Сонсголонгийн уулзвар хүртэл 5.3 км зам  дээр одоо байгаа хуучин хоёр  км замын эвдэрсэн хэсгийг нөхөж засах юм. Гэвч “Бэрх зараа” ХХК урьдчилгаа төлбөр болох 60 хувийн санхүүжилтээ авсан ч техник хэрэгсэл эвдэрсэн гэх шалтгаанаар Наадмын комиссын өгсөн үүрэг даалгаврыг удаашралтай гүйцэтгэж байгаа аж.  Тиймээс үерийн далангийн гүүрээс Моносын уулзвар хүртэлх  дулааны шугам хийж байгаа хэсэгт өнөөдрөөс  хөрс нягтруулах ажлыг өөр компаниар хийлгэхээр болжээ.  Ямартай ч наадмаас өмнө дээрх зам ашиглалтад орохгүй бол наадамчин олон морь барианы газар руу нэг урсгалтай замаар явахаар болж байгааг албаны хүн хэллээ.  

 Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top