Ж.Бямбадорж: Шүүхийн шийдвэргүй Үндсэн хууль бол шүдгүй нохойтой адил

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Өнөөдөр Монгол улсын шүүх эрх мэдлийн байгууллага үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ой тохиож ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, Ж.Бямбадорж, П.Очирбат нар болон үе үеийн дарга, гишүүд оролцсон юм.

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа: “Монгол улсад үндсэн хуулийн шүүхийн байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулиар оноосон нэр нь Үндсэн хуулийн цэц гэдэг нэртэй байгууллага юм. 1992 оны Үндсэн хуулиар үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн байгууллагыг байгуулсан. Энэхүү байгууллагыг Үндсэн хуулийн манаач гэж тодорхойлдог. Гол ажил нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хоорондын тэнцвэр хяналтыг тогтоох, хяналт тавих, өөрөөр хэлбэл үндсэн хуулийг зөрчих, хууль бус үйл ажиллагаа явуулахаас сэргийлж ажилладаг юм. Мөн хүний эрхийг хамгаалах нь үндсэн хуулийн гол ажил мөн. Иргэнд хохиролтой үйл ажиллагаа явуулах үзэгдэл их байдаг. Тийм учраас хүнийг хамгаалахын тулд Засгийн газарт хяналт тавьж ажилладаг. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалахын тулд Засгийн газрыг хамгаалж ажилладаг, хүний эрхийг хамгаалахын тулд үндсэн хуулийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Азид 20 орчим оронд байгуулагдсан Үндсэн хуулийн шүүхийн холбоог байгуулагдсан” гэж хэллээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Бямбадорж хэлэхдээ “Монгол улсын төр эрх зүйн түүхэнд шинэ институт бол Үндсэн хуулийн цэц юм. Өмнө нь ийм байгууллага байсангүй. Ер нь Үндсэн хууль гэдэг нь нийгмийн гол гол харилцааг зохицуулдаг, тухайн улсын бүх хүний баримталдаг ганц акт шүү дээ. Орчин үед үндсэн хуулийн хяналтын байгууллагагүй, шүүхийн шийдвэргүй Үндсэн хууль гэдэг бол шүдгүй нохойтой адил гэсэн зүйр үг гарсан. XXI зууны гол мөн чанар нь үндсэн хуулийн шүүх бүх заалт, зүйлийг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ утгаараа Монгол улсын Үндсэн хуулийн цэц энэ 20 жилийн хугацаанд төрийн байр сууриа эзэлж чадсан, нэр хүндтэй, зайлшгүй чухал үүрэгтэй байгууллага гэдгээ харуулж чадсан” гэсэн юм.

Энэхүү арга хэмжээний үеэр Үндсэн хуулийн цэцийн үнэмлэхийг Д.Сугар, Т.Лхагва, Ж.Норхлоо зэрэг цэцийн гишүүдэд гардууллаа. Мөн БСШУЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр П.Очирбат, н.Сарантуяа нар шагнууллаа.

 Х.Даваанаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top