Наадмын концертыг МУГЖ Э.Амартүвшин эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 02

Өнөөдөр болсон наадмын комиссын хурлаар БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Далайжаргал болон наадмын концертын найруулагч Д.Ганхуяг нар баяр наадмын концертын үйл ажиллагааг танилцууллаа. Урлаг соёлын салбар хорооны хувьд долоон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Наадмын хаалт, нээлт, Төрийн хүндэтгэлийн концерт, Ерөнхийлөгчийн хүлээн авалтын үеийн урлагийн тоглолт, Улаанбаатарын үдэш, Хүй долоон худагт хоёр арга хэмжээ, Урчуудын эвлэлтэй хамтарч Уран зургийн үзэсгэлэн гаргах юм байна. 

Наадмын нээлт, хаалтыг Төв аймгийн театрын найруулагч Д.Ганхуяг, концертыг Х.Ганболд найруулж байгаа аж. Найруулагч Д.Ганхуяг “Энэ жилийн наадмын нээлтийг уламжлалт  ёслол хүндэтгэл, зан үйлийн талаас дүрсэлж, уран сайхны үзүүлбэрээр үзүүлнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл ажил явагдаж байна. Өнөөдрөөс тайзны угсралтыг гүйцэтгэнэ. Энэ сарын 4, 5-нд сургуулилтаа хийгээд 6-нд наадмын нээлт, хаалтын үзүүлбэрийг Наадмын комисст үзүүлэхээр бэлтгэж байна” гэв.

Наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Ганжуур”, “Данжуур” судрыг зална. ЮНЕСКО-д бүртгэгдсэн уртын дуу, хөөмэй, цуур зэрэг төрлийг түлхүү оруулсан бөгөөд концертыг сонгодог урлагийн төлөөлөл МУГЖ Э.Амартүвшин “Монгол далай” хэмээх дуугаар эхлүүлэх аж. Мөн “Сүлд” чуулгын дуучин М.Ариунбаатар, Төрийн соёрхолт дуучин Д.Болд тэргүүтэй уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

Наадмын талбайн үндсэн фон нь Хөвсгөл далай, Дархадын хотгор зэрэг Монгол орны үзэсгэлэнт газруудыг дүрсэлсэн байх юм. Мөн үндэстэн ястнуудын дуу хуур, бүжгийг үзүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top