Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо
Энэ жилийн наадмын хувьд өнгөрсөн жилүүдийнхээс ялгаатай нь Засгийн газрын тогтоол гарч бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Өмнөх давааны барилдаан дуусч, бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацаа 5 минут байна. Тогтсон хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараачийн бөх ам авахаар болсон. Мөн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулахаар болсон билээ. Эл өөрчлөлтийн талаар бөхийн галуудаар явахдаа бөхчүүд тэдний багш, дасгалжуулагч нарт сайтар танилцуулахыг Үндэсний бөхийн салбар хорооныхонд тусгайлан үүрэг болголоо.
22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил удаашралтай явж байгаа талаар энэ хурлын үеэр мөн яригдсан бөгөөд удаа дараа үүрэг болгосоор атал баяр наадмаас өмнө зорчих хэсгийн ажлыг гүйцэтгээгүйд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд шүүмжлэлтэй хандаад наадамчин олонд аль болох хүндрэл, чирэгдэл болгохгүйгээр замын зорчих хэсгийг чөлөөлж баярын өдрүүдэд нэвтрүүлэхийг үүрэг болголоо.
Наадмын нээлт болоод хүндэтгэлийн тоглолт нь наадамчин олны хамгийн үзүүштэй зүйл байдаг бөгөөд эдгээрийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа, санхүү мөнгөний асуудал шийдэгдсэн талаар найруулагчид нь ярьж байлаа. Энэ сарын 6-8-ны үед эдгээр тоглолтын эхний үзлэгийг хийнэ гэдгийг найруулагч нарт Шадар сайд М.Энхболд хэллээ.
Энэ хурлын үеэр Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын хөтөлбөрийг эцэслэн баталж, наадамчин олонд хүргэж мэдээлэхээр боллоо. Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоолын тоог энэ жил 1500-гаар нэмж 4500 болгосон. Хүй долоон худгийн морь барианы газарт 30 метрийн урттай сандал хийж байгаа төдийгүй нийтийн бие засах газруудыг нэмж байгуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 500, Хүй долоон худагт 150 гаруй цэг ажиллах бөгөөд эдгээрийн 60 хувьд нь хуушуур хийж худалдаалах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )