Өнөөдөр хурандаа нарт ялын тогтоол сонсгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Долдугаар сарын нэгний хэрэгт холбогдож дөрвөн жил үргэлжилсэн цагдаагийн экс дарга нарын хэргийг өнгөрсөн сарын 6-нд шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн шүүхээс хурандаа О.Зоригтыг 2.6 жил, хошууч, генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарыг 3.6 жил хорихоор болсон. Харин Г.Ганбаатарыг Өршөөлийн хуульд хамруулж ял оноогоогүй. Хэдийгээр цагдаагийн дарга нар өөрсдийгөө гэм буруугүй, хун буудах, галт зэвсэг ашиглах тушаал өгөөгүй гэж байсан ч тэднийг буруутгасан юм. Хуулийнхаа хүрээнд тэдэнд 10 хоногийн дотор анхан шатны шүүхийн тогтоолоо гардуулж өгөх ёстой. Гэтэл өнөөг хүртэл ялын тогтоолыг гардуулж өгөөгүй байгаа.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын албаны дарга Э.Батмөнхөөс тодруулахад “Ялын тогтоол бэлэн болчихсон байгаа. Өнөөдөр шүүгчдэд гардуулж өгнө. Олон хавтаст хэрэгтэй, хэргийнх нь цар хүрээ өргөн учраас ялын тогтоол үйлдэхэд цаг хугацаа зарцууллаа. Гэхдээ хуулийн хугацаандаа ялын тогтоолоо гардуулна хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.

Шүүгдэгсэд ялын тогтоол сонсож ялтан болсноос хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо Нийслэлийн шүүхэд гаргах эрхтэй юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top