Үндэсний баяр наадмын төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслол, бөхийн барилдааны тасалбар өнөөдөр худалдаанд гарна. Долдугаар сарын 5-наас буюу өчигдрөөс Соёлын төв өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кассаар худалдана гэж байсан ч тасалбарыг борлуулж эхлээгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас наадмын тасалбарыг худалдаанд гаргаагүй талаар тодруулахад “Тусгай ялтас нааж, бүгдийг нь таамаглахаас эхлээд ажилллагаа ихтэй учир тасалбар хэвлэлтийн шатандаа бага зэрэг удааширсан. Өнөөдөр тасалбарыг худалдаанд гаргана. Тасалбар худалдаанд гарсан, зарим хэсгийнх нь суудлын тасалбарыг зараад эхэлчихсэн гэдэг цуу яриаг хүмүүсийн дунд тархсан. Энэ нь худлаа бөгөөд тасалбар шаглагчдын цуу яриа" гэсэн юм.
Наадмын нээлтийн ёслолын тасалбар байрлалаасаа хамаарч 8000-12000 төгрөгөөр зарагдах бол долдугаар сарын 12-ны бөхийн барилдааны тасалбар үдээс өмнөх нь 2500-3000 төгрөг, үдээс хойших нь 6000-9000 төгрөгөөр тус тус зарагдана. Харин шөвгийн дөрвөн бөхийн барилдааны тасалбар 6000-9000 төгрөг, мөн жуулчдын тасалбар 25 ам.долларын үнэтэй байх аж. Тасалбарыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Соёлын төв өргөөний кассаар худалдаалахаар болжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )