Сүүлийн жилүүдэд ан амьтан, байгалийн баялгийг хууль бусаар ашиглах явдал нэмэгдэж, бүр зохион байгуулалттай, нууц хэлбэрт орсон. Харин энэ онд Амьтны тухай хууль батлагдсанаар амьтны аймгийг хамгаалах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж, хууль бус агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх шинэ эрх зүйн орчин бүрдсэн юм. Хуульд зааснаар гарал үүслийн тодорхойлолтгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага худалдах, худалдан авахыг хориглож, түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг ан амьтан агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахаар болсон байна.
Өөрөөр хэлбэл, гарал үүслийн тодорхойлолтгүй халиун бугын нэг хос цусан эвэр худалдан авсан этгээд 13.2 сая төгрөгийн нөхөн төлбөр төлж байж, амьтны аймагт учруулсан хохирлоо барагдуулах аж. Ийнхүү ан амьтны нөөцийг хууль бусаар ашигласан тохиолдол бүрт захиргааны болон эрүүгийн тохирсон шийтгэл ногдуулах юм байна. Харин хулгайн анчдыг илрүүлсэн, илрүүлэхэд тусалсан буюу мэдээлэл өгсөн иргэнд тухайн этгээдэд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгох ажээ.
М.БОЛД
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )